Хүнсний аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалт үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга С.Батболд хүнсний аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэхийг үүрэгдэв.
Хуралдаанаар “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” болон “Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоох тухай”, “Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай” гаргасан 3 захирамжийн талаарх танилцуулга, мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд ярихдаа, “НИТХ-ын Тэргүүлэгчдийн 19 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр цагдаагийн 2873 алба хаагч, олон нийтийн цагдаагийн 783 ажилтан ажиллаж, 18341 аж ахуйн нэгж байгууллага, 5731 иргэнийг шалгасан. Шалгалтаар165 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, 6025 мэдэгдэл өгч, 71 зөрчил илрүүлэн шалгаж байна. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд өмнөх 21 хоногтой харьцуулахад гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 13.4 хувиар буурсан. Тогтоол хэрэгжсэн 3 хоногийн мэдээг өмнөх оны мөн үе болон өмнөх 7 хоногтой нь харьцуулахад гэмт хэргийн гаралт, зөрчил, архидан согтуурч саатуулагдсан хүний тоо эрс багассан үзүүлэлттэй байна. Тухайлбал, гэмт хэргийн гаралт өмнөх онтой харьцуулахад 61.9, өмнөх 7 хоногтой харьцуулахад 21.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэлээ.
Харин “Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3283 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 112, зөрчлийн шинжтэй 1461 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 112 ослыг материалжуулан шалгаж эхэлжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал замын ослын хэрэг, гудамж замд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил буурсан үзүүлэлттэй байгаа аж
Мөн таван иргэн архинд хордож 4 хүн амь насаа алдсантай холбоотой энэ сарын 17-20-ны өдөр нийт 465 улсын байцаагч, ажилтан, албан хаагч ажиллан, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд давхардсан тоогоор архи, согтууруулах ундаа худалдаалдаг 9672, нийтийн хоолны 3086 байгууллагад хяналт шалгалт хийжээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн гаргасан тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаар ажлын хэсэг болон холбогдох албаныхан сайн ажиллалаа хэмээн Хотын дарга С.Батболд дүгнэж, хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллахыг зөвлөв. Мөн “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай”, "Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоох тухай" захирамжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.
Б.Заяа