Утааны эсрэг жагсаалд урлагийнхан нэгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2017-01-23 13:58:23

Ээж аавуудын санаачилгаар эхэлсэн утааны эсрэг хөдөлгөөнд урлагийнхан нэгдэхээр болсныг “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас мэдээллээ.

Утааны эсрэг дахин жагсахаар бэлдэж байгаа ээж, аавуудтай нэгдэх санаачилгыг хөгжмийн зохиолч Л.Чинбат, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун нар гаргаж, урлагийнхныг нэгдэхийг уриалав. 

Тэд утааны тухай дууны нээлтээ энэ сарын 28-нд болох “Боож үхлээ” жагсаалын үеэр хийх аж. Мөн “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах "Take off" хамтлагтай хамтарч утааны тухай дуу зохиосноо сонордуулна. 

Утааны эсрэг урлагийнхны тоглолтыг сэтгүүлч Г.Алтантүрүү хөтлөх бол Лемонс, Mr.Dogs хамтлаг, жазз дуучин Ц.Хулан, "Чоно" хамтлагийн дуучин Д.Дэрмээ нар ая дуугаа өргөнө. Мөн хөлбөмбөгийн тайлбарлагч Б.Батзаяа жагсагчидтай флашмоб хийх аж.

Түүнчлэн жүжигчин Д.Оюунтуул, А.Туяа нар жагсаалын үйл ажиллагааг дэмжиж зохион байгуулалтын ажилд туслахаа амласан.

Зохион байгуулагчдын зүгээс НҮБ-аас Агаарын бохирдлын эсрэг тэмцэх элчээр сонгогдсон дуучин Д.Болдыг "Камертон" хамтлагтай нь,  Рокет Бэйг аянд нэгдэж уран бүтээлээ толилуулж, үзэл бодлоо илэрхийлэхийг урин, хариу хүлээж байгаа аж.

Энэ сарын 28-ны хагас сайн буюу амралтын өдөр 12.00 цагаас Сүхбаатарын талбайд болох утааны эсрэг “Боож үхлээ” жагсаалыг санаачлан зохион байгуулж байгаа “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын 96610308, 88333123 дугаараас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Жагсаалд байгууллага, компаниудыг нийгмийн хариуцлагын хүрээнд хамт олноороо оролцохыг зохион байгуулагчид уриаллаа. 

Ж.Болор

相关新闻