Эрүүл мэндийн хичээлийн чанар тааруухан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-22 22:11:17

Сэлэнгэ аймагт сүүлийн жилүүдэд эхийн ноцтой хүндрэлүүд, амьгүй болон дутуу төрөлт нэмэгдэх хандлагатай байна хэмээн аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од аймгийн удирдах ажилтны зөвлөгөөний үеэр онцлон анхаарууллаа.

Энэхүү байдлын гол шалтгаан нь бүртгэл хаяггүй, түр оршин суугчид, сумын төвөөс алс амьдардаг эмэгтэйчүүд, оюутнууд, 19-өөс доош насны охид, жирэмсний хяналтанд хожуу орох, огт хяналтгүйгээр шууд ирж төрөх явдал гэнэ.

Үүнээс үүдэн төрсөн эхчүүдийн 5.1 хувь нь БЗДХ-тай, 2.8 хувь нь цус багадалттай, 60 гаруй хувь нь зүрх судас, цусны даралт ихсэх, чихрийн шижин, бөөр, сүрьеэ, БЗДХ болон эрхтэн тогтолцооны өвчин эмгэгтэй байгаа нь эрсдлийг дагуулж байгаа ажээ. Сэлэнгэ аймагт 2016 онд 18-аас доош насны өсвөр насныханы төрөлт 31 гарсан нь нийт төрөлтийн 1.6 хувийг эзэлжээ. Түүнчлэн сурагч, өсвөр үеийнхэний дунд БЗДХ-ын 14 тохиолдол гарсан нь анхаарал татаж буй асуудлын нэг болж байг ЭМГ-ын дарга онцолсон юм. Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийгмийн эрүүл  мэндийн хүрээлэнтэй хамтран хийсэн судалгаагаар сурагч, өсвөр үеийнхний дунд БЗДХ, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх, архи, тамхины хэрэглээ хор уршиг зэрэг зан үйлийн талаарх мэдлэг хангалтгүй байгаа нь тогтоогджээ. Иймд сургууль, хүүхдийн байгууллагын удирдлагууд, эрүүл мэндийн хичээлийн чанарыг сайжруулах. Хүүхдийг багаас нь эрүүл мэндийн мэдлэгтэй, өв тэгш боловсролтой иргэн болгон төлөвшүүлэхэд анхаарч орон нутгийн онцлогтоо тохируулан тодорхой ажлуудыг зохион байгуулах нь чухал байгаа ажээ.    

Ч.Отгонцэцэг

相关新闻