“Сайн тэмээчин” шалгаруулах журам батлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин захирамж гаргаж аймгийн “ Сайн тэмээчин” шалгаруулах журмыг баталлаа.
Говь нутгийг чимэн бэлчээрлэдэг таван хошуу малын нэг тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, ашиг шимийг сайжруулах, ингэний сүүгээр сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх, тэмээн сүргийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх төдийгүй тэмээчдийн хөдөлмөрийг үнэлж, урамшуулж, дэмжихэд эл захирамж чиглэжээ.
Сайн тэмээчний алдрыг хүртэх малчин нь юун түрүүнд малаа даатгалд хамруулсан байх, малгүй өрхийг малжуулах, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх, шинэ ажлын байр бий болгох, хөдөөд ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах, мал сүргээ эрүүлжүүлэх, мал бүрийг тамгатай болгох, өөрийн мал маллагааны арга туршлагыг залуу малчдад эзэмшүүлэх зэрэг олон шалгуур үзүүлэлтийг хангасан байх шаардлагатай аж.
Тухайн малчин 100-гаас доошгүй тэмээтэй, тэмээн сүргийн хувьд гурван жил дараалан хорогдол гаргаагүй, ингээ жил бүр тогтвортой өсгөсөн зэрэг олон үзүүлэлтүүдийг журамд тусгасан байна.
Дашрамд дурдахад Дорноговь аймаг 2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 37.700 толгой тэмээ тоолуулсан нь жил бүр өсөж байгаа үзүүлэлт болж байна.
Х.Эрдэнэбулган