Хүүхдийн мөнгө олголтонд өөрчлөлт ороогүй гэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-21 22:48:33

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 1-р сарын 18-ны хуралдаанаар хүүхдийн мөнгөний олгох журамд өөрчлөлт оруулах тухай шийдвэр гарсантай холбоотой иргэдийн дунд ташаа мэдээлэл цахим ертөнцөөр тараад байгаа.

Энэ талаар аймгийнхаа иргэдэд хандаж Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас дараах мэдээллийг хүргэлээ. Үүнд: Хүүхдийн мөнгө олголтыг өмнөх онуудад "Хүний хөгжил" сангаас санхүүжүүлдэг байсан бөгөөд энэхүү сангийн тухай хууль 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон байна.  Иймээс тус хуулийн хүрээнд хэрэгжиж байсан хүүхдийн мөнгө олгох журам хүчингүй болжээ.

Ингээд шинэ журманд хүүхдийн мөнгө олголтыг Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.5-д "Хүүхдийн мөнгөн тэтгэмж" нэртэйгээр оруулж өгсөн байна. Иймээс хүүхдийн мөнгө олголтын процесст өөрчлөлт ороогүй зөвхөн олгох журмын нэр нь л өөрчлөгдсөн аж. Иймээс иргэд дахин бичиг баримт бүрдүүлэн арилжааны банкуудад хүсэлт гаргах шаардлагагүй гэнэ. Харин шинээр төрсөн хүүхдээ өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, арилжааны банкинд хандаж, хүүхдийн мөнгө авах хүсэлтээ гаргах ёстой юм байна. Ийнхүү хүсэлт гаргаж, бүртгүүлсэн сараас нь тооцон хүүхдийн мөнгийг олгох аж. Тиймээс сум, хорооныхоо нийгмийн халамж хариуцсан мэргэжилтэнд хандаж, шинэ төрсөн хүүхдийнхээ мэдээллийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэхийг эцэг, эхчүүдэд зөвлөлөө.  

Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй 502.567 босго онооноос доош өрхийн хүүхдүүд мөнгөө бэлэн мөнгөөр авах юм байна. Харин 502.567 онооноос дээш өрхийн хүүхдүүд бэлэн бусаар тооцогдож, 2019 оноос нөхөж олгоно гэсэн шийдвэрт хамрагдах ажээ.

Ч.Отгонцэцэг

相关新闻