Монголчуудад Хятадын түүх, соёл, ёс заншлыг танилцуулсан хаврын баярын арга хэмжээ болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГДорнын 5000 жилийн түүхэн жимээр бидэнтэй зэрэгцэн алхаж эдүгээг хүртэл "айл хөрш" болон амьдарч ирсэн Хятад түмний "Хаврын баяр" энэ сарын 27-29-нд тохионо.
Монголоор бол “Цагаан сар”-тай дүйцэх энэхүү баярыг тохиолдуулан БНХАУ-ын Элчин сайдын яам, Хятадын соёлын төвөөс "Хаврын баяр"-ын үйл ажиллагааг Монгол Улсад гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ сарын 19-нөөс эхэлсэн уг арга хэмжээ Улаанбаатар чуулгын байранд болсон цирк, язгуур урлаг, бие хамгаалах урлагийн үзүүлбэр бүхий БНХАУ-ын Шандун мужийн уран бүтээлчдийн тоглолтоор эхлэв.
БНХАУ-ын соёлын төвийн захирал хатагтай Ли Вэй “Удахгүй Хятад үндэстний баярын нэг Хаврын баяр болох гэж байна. Энэ баярын хүрээнд Монгол, Хятад улсын хамтарсан олон соёлын үйл ажиллагаа болно. Күнзийн соёлын эх нутаг Шандун муж нь өнө удаан жилийн түүхтэй, Хятад улсын эдийн засаг, соёлын нэг том төв юм. Энэ мужийн уран бүтээлчдийн тоглолтыг Монголын үзэгчдэд хүргэж байна” хэмээв.
"Күнзийн ордны дуу бүжиг"-ээр эхэлсэн энэхүү тоглолт эхнээсээ төгсөх хүртлээ үзэгчдийг эртний Хятадын хааны ордонд зочилсон мэт сэтгэгдэл төрүүлэв. Сүн болон Мин улсын үеийн эмэгтэйчүүдийн хувцас өмсөж, гоёл, зүүсгэлтэй үзэсгэлэнт бүсгүйчүүдийн уран налархай бүжгээр бүжсэн юм. Энэ нь Хятадын гүн ухаантан, их сэтгэгч Күнзийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан бүждэгээрээ онцлог юм. Уг тоглолтоос БНХАУ-ын түүх, соёл, ёс заншлыг урлагаар дамжуулан харуулсан юм. Цагригаар наадах, дээс тоглох, өвсөн малгайгаар жонглёр тоглох гээд үзүүлбэр бүр үзэгч олны сонирхлыг ихэд татаж байв.
Мөн тариачдын усан үзэм, тариа боловсрох үеийг илтгэсэн хуучир хөгжмийн аялгууг энд дурьдахгүй өнгөрч болохгүй. Монголоос үүсэлтэй хэмээн түүхэнд бичигдэн үлдсэн энэхүү хөгжмийг Хятад түмэн үе уламжлан хадгалсаар иржээ. Уянгалаг сайхан хөгжим, уян тансаг бүжиг, үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн циркийн үзүүлбэрээс бүрдсэн энэхүү тоглолт Өмнөд хөршийн соёл, түүхийн жимээр нэгэн орой үзэгчдийг аялуулж чадав.
Мөн өнөөдөр "Sky resort" цанын баазад "Хаврын баяр"-ын үйл ажиллагаа үргэлжлэв. Уг арга хэмжээнд мөн л Шандун мужийн уран бүтээлчид тоглолтоо үзүүлэв.
Өнөөдрийн нэг онцлог нь уг арга хэмжээнд оролцож буй иргэдийн хөргийг хайчилбар болон барлах аргаар бүтээн бэлэглэж байв. Гол үзүүлэр нь уулнаас гулган буух дөрвөн луу байлаа. Хятадын хоёр дахь төрт улс болох Хан улсыг үндэслэгч Лиу Бангийн эх нь луу зүүдэлж, төд удалгүй хөл хүнд болж Лиу Банг төрсөн. Тиймээс Лиу Банг өөрийн сүр хүчээ луугаар билэгддэг байсан домог түүхийг ярьж байв. Мөн зарим түүхчид БНХАУ-ын Цагаан хэрмийг луугийн хэлбэртэй хэмээн үздэг бол зарим нь луу шүтэх үзэл Монголоос гаралтай ч гэж үздэг байна.
Сүүлийн жилүүдэд Монгол, БНХАУ хоорондын соёлын харилцаа идэвхтэй хөгжиж байгааг БНХАУ-ын Элчин сайдын зөвлөх Яан Чиндун онцлов. Тэрбээр хятадын ард түмэнд шинэ жилийн мэнд хүргээд, хоёр улсын харилцаа улам бүр өргөжин хөгжинө гэдэг итгэлтэй байгаагаа хэллээ.
Уг арга хэмжээнд БНХАУ-ын Элчин сайдын зөвлөх Яан Чиндун, ОХУ, Бүгд Найрамдах Лоас Ард Улс, Бүгд Найрамдах Куб улсын Элчин сайдын яамны төлөөлөгчид, БСШУСЯ-ны соёлын мэргэжилтэн Б.Ичинхорлоо зэрэг хүндэт зочид хүрэлцэн ирсэн байв.
М.Аминаа
Б.Гаваа
Гэрэл зургийг Н.Батбаяр