30 гаруй тонн хур хог цэвэрлэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Өргөн сумынхан хур хогоо өнгөрөгч бямба гарагт цэвэрлэлээ. Сумын Засаг дарга Ж.Сүхбаатар захирамж гаргаж сар бүрийн хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг сумын хэмжээнд "Нийтийн цэвэрлэгээ"-ний өдөр болгон зарласан байна.
“Их цэвэрлэгээнд сумын төсөвт байгууллагууд болох ЗДТГ, Ерөнхий боловсролын сургууль, Өрхийн эрүүл мэндийн төв, “Чандмань-Илч” компаниас гадна “Монцемент билдинг материалс", "Уулын үйлдвэр", Төмөр замын өртөө зэрэг байгууллагууд идэвхтэй оролцож 30 гаруй тонн хур хогийг цэвэрлэсэн.
Цэвэрлэгээнд гарсан байгууллага аж ахуй нэгжийн ажилтнуудад ЗДТГ-аас халуун чацаргана өглөө. Одоо "Хоггүй Өргөнчүүд" уриалгыг гарган хэрэгжүүлж ажиллаж байна” гэж тус сумын ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн мэргэжилтэн Б.Мөнхбаатар ярив.
Дашрамд дурдахад Өргөн суманд төмөр замын болон “Мон полимет” группын харьяа цементийн үйлдвэр зэрэг томоохон компаниуд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр аж ахуй нэгжүүд сумын хэмжээнд зохиогддог олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байна.
Х.Эрдэнэбулган