Дорноговь аймаг Эрээн хотоос жуулчин хүлээн авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-18 12:10:37

Дорноговь аймгийн Засаг дарга тэргүүтэй сум, агентлагийн дарга нарын төлөөлөл энэ сарын 12-13-нд  Эрээн хотод зочилж тус хотын удирдлагуудтай уулзалт хийж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Уулзалтын үеэр дурдагдсан нэг зүйл бол талууд Эрээнээс Дорноговь аймгийн чиглэлд жуулчин аялуулах талаар ярилцсанаас гадна өмнөд нутгаас манайд аялах жуулчны гурван өдрийн визний асуудлыг Монголын тал зохицуулах, аяллын маршрутаа тодорхой болгох, аялал жуулчлалын компаниуд үйлчилгээнийхээ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, үнийн саналаа Хятадын талд ирүүлэх, Дорноговь аймгийн төлөөлөгчийг Эрээн хотод суулгах зэрэг тодорхой асуудлыг ярилцсан байна.

Мөн Хятадын талаас Дорноговь аймагт жилдээ 30 мянга орчим жуулчныг аялуулах боломжтой гэжээ.

Тэгэхээр Дорноговь аймаг жуулчдад үзүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах, соёл, урлагийн үзвэрийг нэмэгдүүлэх, зочид буудал, хоол хүнсний асуудлыг стандарт шаардлагад нийцүүлэх зэрэг олон зорилт урган гарч байна.

Уулзалтын үеэр Дорноговь аймгийн соёл урлаг, боловсрол, биеийн тамир, газрын харилцааны чиглэлийн байгууллагууд мөн Эрээн хотын нэг чиглэлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцож хамтран ажиллах эхлэлийг тавьжээ.

Х.Эрдэнэбулган

相关新闻