Альшаа аймгийн Эзнээ хошуутай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийгэм эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянхонгор аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Баруун Эзнээ хошууны Далайн хөв хотод айлчлал хийлээ.
Аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр нар аймгийн нийгэм эдийн засаг болоод цаашид хамтран ажиллах боломжийн талаар тус хошууны удирдлагуудтай уулзах үеэрээ танилцуулжээ. Мөн аймгийн аялал жуулчлал, соёлын салбарын өнөөгийн байдал, цаашид хамтран ажиллах талаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Содномсамдан, Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн Д.Мөнхцэцэг нар тус тус мэдээлэл хийж хамтран ажиллах саналыг Эзнээ хошууны Далайн хөв хотын албаны хүмүүст тавьсан байна.
Соёл урлагийн талаар "Хүүхдийн уран бүтээлээр дамжуулж хоёр орны соёлыг сурталчлах, Сурагч солилцоог хамтран хэрэгжүүлэх, Соёл урлагийн салбарт ажиллаж байгаа багш, уран бүтээлчдийг туршлага судлуулах тухайн мэргэжлээр ажиллуулах талаар санал тавьсан бол Аялал жуучлалын дэд бүтцийг хөгжүүлэх /зам, үйлчилгээ, орон байр/, Виз олгох асуудлыг Элчин сайдын яам, Гадаад харилцааны яаманд уламжилж шийдвэрлүүлэх, Хоёр орны аялал жуулчлалын салбарын аяллын компани, байгууллага иргэдийг туршлага судлах аяллыг зохион байгуулах, Хоёр улсыг холбосон судалгааны баг ажлуулж аяллын хөтөлбөр маршрутыг тодорхойлох талаар санал солилцжээ. Мөн Цэхээ боомтод зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдааг цаашид өргөжүүлэх, Баянхонгор аймгаас үзэсгэлэнд худалдаанд оролцож байгаа иргэдийн бүтээгдэхүүн, үзмэрүүдэд урьдчилсан байдлаар мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг гаргаж оролцуулж байх, Цэхээ боомтод худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой иргэдийг бодлогоор дэмжих, Чанарын шаардлага хангасан мах нийлүүлэх зэрэг саналыг тавьжээ.
Ийнхүү тус оронтой урьд нь соёл урлаг, худалдааны чиглэлээр хамтран ажиллаж байсан тэргүүн туршлага онцлог ажлуудыг үргэлжлүүлэх боловсрол, хөдөө аж ахуй, дэд бүтэц, аялал жуулчлалын чиглэлээр шинээр хамтран ажиллах талаар зөвлөлдсөн байна. Тус хэлэлцээрийн хүрээнд Баянхонгор аймгаас айлчилсан төлөөлөгчид Далай хөв хотод үйл ажиллагаа явуулдаг Монгол сургууль болон аялал жуулчлалын үзмэр, бүтээгдэхүүн Хар хотын туурь, Цанын бааз, Музейтэй тус тус танилцсан байна.
Б.Мөнхзул