Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 100 гаруй зөрчил илрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭМонгол-Оросын хил дээр явагдсан тусгай арга хэмжээний явцад буюу өнгөрсөн онд ОХУ-ын хил орчмын нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 100 гаруй зөрчил илрүүлэн хуулийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гарагт “Сэлэнгэ аймгийн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл”-ийн нэгдсэн зөвлөлгөөн дээр ХЦ-ийн 0243 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Дамдинсүрэн ийн мэдээллээ. Тэрээр, энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа төдийгүй хоёр улсын иргэд үгсэн хуйвалдаж, зохион байгуулалттайгаар гэмт хэрэг үйлдэж болзошгүй байгааг ч дурьдлаа.
Өнөөдрийн байдлаар хилийн зурваст зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг 2600 гаруй иргэн, хоёр аж ахуйн нэгж байгаа аж. Мөн тус ангийн заставын хариуцсан хэсэгт 960 гаруй иргэн самар түүх зорилгоор байрлаж байгаа гэлээ. Мөн хил орчимд өнгөрсөн хугацаанд гурван иргэн амиа алдаж, нэг иргэн олдоогүй явдал гарчээ. Тиймээс туслах хүчний зөвлөлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг улирал бүр дүгнэж, үр дүнг нь тооцон ажиллаж байхыг хурандаа Х.Дамдинсүрэн анхаарууллаа.
Мөн хилийн 0101 дүгээр ангийн орлогч, штабын дарга, дэд хурандаа Б.Батболд: “Бусдын нэрээр буцах үнэмлэх авсан монгол иргэд, хуулийн хариуцлагаас оргон зайлагсад, зохион байгуулалттайгаар хар тамхи, эм бэлдмэл нэвтрүүлэх зөрчил нэлээд гарч байгааг дурьдсан юм. Түүнчлэн Алтанбулаг авто зам, боомтуудыг тохижуулан олон улсын жишигт хүргэх нэн шаардлагатай байгаа, ХЦ-ийн 0101-р ангийн төвийн барилгуудыг нэгдсэн дулааны шугамд холбуулж, гэрэлтүүлэг хийх, Сүхбаатар төмөр замын шалгалтын өрөөг иж бүрэн тохижуулах нь хил хамгаалах байгууллагын өнөөгийн зайлшгүй хэрэгцээ болж буйг энэ үеэр онцоллоо.
Сэлэнгэ аймаг дахь ХЦ-ийн 0243-р ангийн байранд болсон тус арга хэмжээнд туслах хүчний зөвлөлийн дарга, аймгийн Засаг дарга Ш.Оргил, бусад гишүүд, холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.
Ч.Отгонцэцэг