Заставт гэр цэцэрлэгт байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-16 20:34:03

“Хил хамгаалах туслах хүчний зөвлөл”-ийн нэгдсэн зөвлөлгөөнөөс 2017 онд хилчдэд чиглэгдсэн олон чухал ажил арга хэмжээнүүдийг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал Сэлэнгэ аймаг дахь ХЦ-ийн 0243 дугаар ангийн харъяа “Хар горхи”, “Номт”-ын заставуудад гэр цэцэрлэг ажиллуулахаар тусгажээ. Учир нь хилийн заставуудад ажиллаж байгаа хилчдын хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж тэр бүр чаддаггүй байна. Иймээс энэхүү гэр цэцэрлэг байгуулах ажлыг нэн яаралтай эхлүүлэхийг хилчид хүсчээ.

Мөн улсын хил хамгаалалтад шаардагдах зардлыг сумдын төсөвт суулгаж хяналт тавин ажиллахыг ажлынхаа нэн чухал хэсэгт оруулсан байна. Түүнчлэн урд жилүүдэд өрнөж байсан “Нэг баг-Нэг агт”, “Нэг аж ахуйн нэгж-Нэг мотоцикль” аяныг үргэлжлүүлэн өрнүүлж, үр дүнг тооцох ажлыг ч чухалчилсан аж. Хилчид 2017 оны шинэ төлөвлөгөөндөө хил хамгаалалтад оролцох хүсэлт гаргасан иргэдийг бүрэлдэхүүнд оруулах, хил дамнасан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад хилийн заставуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх нэн шаардлагатай байгааг ч дурьдлаа.

Отряд, заставуудад ажиллаж буй албан хаагчид, туслах хүчний гишүүдийг эрүүл мэндийн үзлэг, нарийн шинжилгээ, оношлогоонд хамруулах, хилийн заставуудыг цасны чарга, моторт завиар хангах ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөгөөндөө тусгасан байна.   

Ч.Отгонцэцэг

相关新闻