Хүүхэд холбогдсон гэмт хэрэг өмнөх оноос буурав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн хэмжээнд бага насны хүүхэд гэмт хэрэгт холбогдох нь сүүлийн жилүүдэд өсч байсан бол 2016 онд энэ байдал өөрчлөгдөж буурсан байна.
Хүүхдүүдийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж үзэхэд эцэг эх асран хамгаалагч нарын хараа хяналт муу, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлээгүй, сургууль олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахдаа хариуцлагатай жижүүр гаргаагүй зэрэг олон шалтгааны улмаас хүүхдүүд гэмт хэрэгт холбогдсон тогтоогдсон гэдгийг Төв цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийг гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ахлах байцаагч цагдаагийн ахмад Н.Нарантуяа хэлж байна.
Төв аймгийн хэмжээнд насанд хүрээгүй хүмүүсээс үйлдэгдсэн 18 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос есөн нэгжээр буюу 33.3 хувиар буурсан байна. Өнгөрсөн онд 19 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон бөгөөд насны байдлаар авч үзвэл 14-16 насны дөрөв, 16-18 насны 15 хүүхэд холбогдсон байна.
Иймээс цаашид эцэг эхчүүд хүүхдээ амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарахаас гадна хүүхэдтэйгээ байнгын ярилцаж хараа хяналтаа сайжруулах шаардлагатай гэж тэрээр зөвлөж байна. Хүүхдийн хүмүүжлээс улс орны ирээдүй хамаардаг. Тиймээс та бүхэн үр хүүхдэдээ цаг тутам анхаарлаа хандуулж байх нь чухал юм.
Т.Есүхэйтөмөр