Политехникийн коллеж Австрали улстай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
montsame_user@montsame.mn
2015-09-04 17:48:12

Аймгийн Политехникийн коллежийн 2015-2016 оны хичээлийн шинэ жил, “Ашигт малтмалын салбар дах түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн нээлтийн арга хэмжээний хүрээнд эхэлж байна.

Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, Политехникийн коллежийн удирдлагууд, багш нар, Австралийн Гадаад харилцаа, худалдааны яам, Мелбурн хотын төлөөллүүд болон сурагчид эцэг эхчүүд оролцсон юм. Аймгийн Политехникийн коллеж нь өнгөрсөн жилээс эхлэн Австрали улстай хамтын ажиллагаатай болж туршлага солилцож байна. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагуудын шийдвэр, дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм. Австрали улсын хувьд уул уурхайн үйлдвэрлэлээ хөгжүүлж дэлхийн хэмжээнд жишиг болж чадсан улсуудын нэг юм. Тиймээс уул уурхайн бүс нутаг Өмнөговь аймагтай хамтран ажиллаж, шилдэг боловсон хүчин бэлтгэхэд анхаарч байгаа гэдгээ тус улсын төлөөлөгчид онцоллоо. Өмнөговь аймгийн Политехникийн коллеж, Австрали улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хоёр талаас харилцан оюутан солилцох, техник технологит суралцах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах юм.

С.Сумьяа

相关新闻
注释