Хүн амын 50.5 хувь нь эмэгтэйчүүд
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМОюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /ОӨУБЕГ/-аас 2016 онд хийсэн ажлаа тайлагналаа.
Монгол Улсад өнгөрөгч оны 12 дугаар сарын 31-ны байдлаар 3 сая 123 936 иргэн бүртгэлтэй гэсэн тооцоо гарчээ. Эндээс хүйсийн харьцааг үзвэл хүн амын 50.5 хувь нь эмэгтэй, 49.5 хувь нь эрэгтэй юм байна. Харин насны хувьд Монгол Улсын нийт хүн амын 65 хувь нь 18-аас дээш насныхан аж. Мөн нэг сая гаруй нь 18-аас доош насныхан буюу хүүхдүүд юм.
ОӨУБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг ярихдаа, “2016 онд 198 мянган иргэн үндэсний энгийн гадаад паспорт авч, 100 806 иргэн паспортын сунгалт хийлгэлээ. Ингэснээр гадаад паспорт авах иргэдийн тоо өмнөх жилүүдээс өссөн. Энэ нь аялал жуулчлал хөгжиж буйтай холбоотой. Тухайлбал ОХУ-д Монгол Улсын иргэд визгүй зорчдог болсноор гадаад паспорт авах иргэдийн тоо эрс нэмэгджээ. Гадаад паспорт шинээр авсан, сунгуулсан иргэдийн 80 гаруй хувь нь зуун айлын Улсын бүртгэлийн газраар үйлчлүүлдэг байна. 2017 оноос Нийслэлийн нэгдсэн гурван төв буюу Дүнжингарав, Мишээл экспо, Драгон төвүүдэд гадаад паспорт олгох, сунгах үйлчилгээг үзүүлж эхэллээ. Мөн нийслэлийн есөн дүүрэг дээр гадаад паспортын сунгалт хийж байгаа” хэмээв.
Түүнчлэн 2016 онд 17118 гэр бүл шинээр бүртгэгдсэн байна. Үүнээс 87 хувь нь анхны гэрлэлт бөгөөд үүний тал хувь нь 25-45 насныхан бол 35 хувь нь 18-24 насныхан юм. Харин гэрлэлтээ цуцлуулсан гэр бүлийн тоо 4159 байжээ. Эдгээр иргэдийн дийлэнх хувь нь 25-45 насныхан байсныг албаныхан онцлов.
ОБУБЕГ-ын тамгын газрын дарга Б.Бадамцэцэг, “Иргэний үнэмлэх шинээр авсан иргэдийн тоо өссөн. Тухайлбал 2016 онд 249 мянган иргэн иргэний үнэмлэх авлаа. Иргэний үнэмлэх шинээр авсан иргэдийн гурван хүн тутмын нэг нь үнэмлэхээ хаяж үрэгдүүлж, дахин авсан байна. Үүнээс үзвэл иргэд бичиг баримтаа хадгалах талаар хариуцлага сул байгаа нь ажиглагдсан” хэмээн ярилаа.
М.Аминаа