Ашиг шим өндөр махны чиглэлийн хуцыг Өмнөговийн малчид хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 20:04:46

Өмнөговь аймгийн хонины үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор Дорнод аймгаас 100 толгой хуцыг Өмнөговийн малчдад нийлүүллээ.

Дорнод аймгийн Барга, Үзэмчин үүлдрийн эдгээр хуцыг тус аймгийн 15 сумын мал бүхий 50 багт хүлээлгэн өгч байна. Энэ үүлдрийн онцлог нь мах өөхний ашиг шим нь давуу хөгжсөн, байгалийн өвөрмөц нөхцөлд зохицох, бэлчээр ашиглах болон төлөрхөг чанар сайтай юм. Мах өөхний чиглэлийн Барга, Үзэмчин үүлдрийг хонийг 1990 онд омгоор баталсан бөгөөд уг хонинд явуулсан судалгаа шинжилгээний ажлын үр дүнг үндэслэн ХХААХҮЯ-ын Сайдын 2012 оны 126-р тушаалаар бие даасан үүлдэр болон баталгаажуулжээ.

Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нутгийн малчдын удаа дараагийн хүсэлтийн дагуу ийн 100 хуцыг хүлээлгэн өгч байгаа нь энэ юм. Эхний ээлжинд багуудад хариуцуулан өгч байгаа бөгөөд багууд ИНХ-аараа хэлэлцэж, энэ жил хэнд эзэмшүүлэхээ гэрээгээр шийдэн улмаар дараа жил нь дараагийн малчин айлд шилжүүлэх журмаар нийт хонин сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах юм.

Барга, Үзэмчин үүлдрийн хонь нь тал нутгийн бэлчээрийн маллагааны нөхцөлд сайн зохицсон, чийрэг бие цогцостой, цээж гүн, өндөрдүү биетэй, отоггүй сүүлтэй, мах өөхөн ашиг шим давуу хөгжсөн байдаг. Нас бие гүйцсэн хуцнаас 1,2 кг, төлгөн хуцнаас 1,1 кг, эм хониноос 1,2 кг, охин төлөгнөөс 1 кг ноос авдаг байна. Харин эр шүдлэн хонины жин 47,1 кг, гулуузны жин 22,2 кг, махны гарц 47,1 хувь бөгөөд өвчин эмгэгт тэсвэртэй юм. Намар цагт үржлийн хуц 77-82, төлгөн хуц 51.1-59, үржлийн эм хонь 57.7-61.6 кг буюу хаврын жингээ намар 20-33 %  хүртэл нэмэгдүүлдэг юм байна. Хэвийн жилүүдэд энэ үүлдрийн хонины хорогдол 0.2-0.4% байдаг гэнэ.

Өмнөговь аймаг  С.Сумьяа

 

相关新闻