Жижиг дунд үйлдвэрүүдийг 13.2 тэрбум төгрөгийн гаалийн татвараас чөлөөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-01-06 17:40:56

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.

2014 оны зургадугаар сард Жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталжээ. Үүний дагуу Засгийн газар “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалт”-ыг гарган, өнгөрсөн оны 12 дугаар сарын 31 өдөр хүртэл мөрдсөн байна. Уг жагсаалтад жижиг дунд үйлдвэрлэлийн 31 нэр төрлийн 618 ширхэг тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн байна. Энэ хугацаанд 1419 иргэн, аж ахуйн нэгж 7000 гаруй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортоор оруулж ирсэн бөгөөд 13,2 тэрбум төгрөгний гаалийн чөлөөлөлтөд хамрагдсан байна. Монгол Улсад 54 мянга 237 жижиг дунд үйлдвэр байгаа юм. Жижиг, дунд үйлдвэрийн салбарт 766 мянга 910 хүн ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 70 хувийг эзэлж байгаа бөгөөд ДНБ-ий 20 хувь, экспортын бүтээгдэхүүний 5 хувийг үйлдвэрлэж байна. Тиймээс жижиг, дунд үйлдвэрийн санхүүгийн тогтвортой хөгжлийг дэмжих, орчин үеийн инноваци шингэсэн шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх зорилгоор татварыг бодлогоор дэмжих нь чухал хэмээн үзэж хуулийн төслийг боловсруулсан хэмээн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдав.

Хуулийн төсөлд жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх хугацаа 2016 оноор дуусгавар болсныг 2018 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгахаар тусгасан юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Н.Цэрэнбат нар хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, “Хуулийн хүрээнд байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж нэвтрүүлэхэд анхаарах хэрэгтэй” гэв.

Ийнхүү санал хураалт явуулахад гишүүдийн 89.4 хувь дэмжив.

Ч.Ариунболд

相关新闻