Утааны голомтод амьдарч буй иргэдэд дулаан хуримтлуулах халаагуур бэлэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-01-05 18:26:11

Засгийн газраас шөнийн цахилгааны тарифыг тэглэх шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр Хотын дарга хотын утааны голомтот хэсэг болох Чингэлтэй дүүргийн 13-р хорооны иргэдэд богино хугацаанд цахилгаан зарцуулж дулаан хуримтлуулдаг халаагуур гардуулж өглөө.  

Чингэлтэй дүүргийн 13-р хороонд 23 мянган иргэн аж төрдөг бөгөөд үүний 90 орчим хувь нь төслийн зуух ашигладаг байна. Төслийн зуух, гэрийн дулаалга, усан халаагууртай зуух зэргийг ашиглаж буй ч утаа багасахгүй байгааг тус дүүргийн  Засаг дарга Б.Бадамгарав онцолсон юм.

Хотын дарга С.Батболд тэргүүтэй албаныхан тус хорооны Сургуулийн 35-712 тоотод амьдардаг Б.Бадамынд Германы “Stiebel Eltron” брэндийн  дулаан хуримтлуулдаг халаагуур гардуулсан юм.

 Б.Бадамынх 8х8 харьцаатай байшинд амьдардаг бөгөөд жилдээ 400 гаруй мянган төгрөгийн нүүрс хэрэглэдэг байна.  “Stiebel Eltron” брэндийн нягтаршуулсан тоосго бүхий халаах системийг  шөнийн цагаар 6-8 цаг цэнэглэж, өдөртөө 16-18 цаг цахилгаан хэрэглэхгүйгээр халах боломжтой гэдгийг Ультрасоник ХХК-ийн  ажилтан хэллээ.

“21:00-06:00 цагийн хооронд цахилгааны үнийг тэглэж буй энэ үед хотын удирдлагууд ирж дулаан хадгалах халаагуур бэлэглэсэнд баяртай байна. Манайд бэлэглэсэн халаагуур 13 дугаар хорооны иргэдэд жишиг болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн иргэн Б.Бадам ярьсан юм.

 Энэ үеэр хотын дарга С.Батболд хэлэхдээ, “Айл өрхүүдийн дулаан алдалтыг хамгийн эхэнд багасгах естой. Түлшийг хийн газ, цахилгаан халаагуураар солих нь хамгийн үр дүнтэй шийдэл болно. Улаанбаатарт нийт тараасан зуухны  60 орчим хувь нь нийслэлд ашиглаж буй судалгаа гарсан. Харин 40 хувь нь хөдөө орон нутагт байгаа.

Хотын гэр хорооллын иргэдэд халаалтын шинэ төхөөрөмжийг ашиглах боломж бүрдүүлэх шаардлага бий болсон. Үүний нэг нь яах аргагүй дулаан хадгалагч халаагуур юм.  Харин халаагуурын үнийг  бууруулж,  хөнгөлөлттэй нөхцлөөр олгоход нийслэлийн  зүгээс дэмжлэг үзүүлэхэд анхаарна. Халаагуурын хувьд утааг багасгах нэг хувилбар. Мөн утаагүй түлш, утаа бага гаргадаг сайн чанарын зуухны асуудлыг  шийдэхээр ажиллаж байна. Үүний зэрэгцээ эрх зүйн  шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Түүнчлэн айл өрхүүд халаагуур хэрэглээд эхлэхээр хүчдэл унах явдал  гарна. Тиймээс Эрчим хүчний яамтай хамтран гэр хорооллын цахилгааны шугамыг шинэчлэхээр болсон. Өнөөдөр агаарын бохирдол хамгийн их буюу голомтот бүсэд амьдардаг иргэдийн төлөөлөлд өөр, өөр төрлийн халаагуур  гардууллаа. Дөрвөн айлын төлөөлөлд халаагуур гардуулж буй нь тус хорооны иргэдэд туршлага болж, сонголт хийхэд дөхөм болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотгов.

Хоёр дахь айл нь 13 дугаар хорооны иргэн Д.Лхагвадоржийнх байсан бөгөөд эднийд дулаан хуримтлуулж халаах “Тулгат” төхөөрөмжийг гардуулсан юм. Уг төхөөрөмж нь хоногийн 8 цагт дулаан хуримтлуулж үлдсэн цагт нь цахилгаан зарцуулалгүйгээр дулаанаар хангадаг байна. “Тулгат” төхөөрөмж монгол гэрт зориулан бүтээсэн загвар бөгөөд автомат тохируулгатай, температур мэдрэгчтэй учраас тасалгааны агаарын хэмд тааруулдагаараа давуу талтай юм.  Мөн  эл төхөөрөмж нь дээрээ цахилгаан зуухтай учраас орчноо халаахын зэрэгцээ хоол ундаа хийх боломжтой гэдгийг “Монватт”-ынхан танилцуулсан.

Түүнчлэн өнгөрсөн жилээс  хойш  цахилгаан халаагуур ашиглаж, үр дүнг нь  хүртэж буй  айл өрхүүд цөөнгүй байгаа бөгөөд үүний нэг өрх болох Чингэлтэй дүүргийн  12 дугаар хорооны иргэн  Ц. Амарсанаагийнд очсон юм.  Эднийх өвөлдөө 1-2 машин нүүрс түлдэг байсан бол одоо халаах төхөөрөмж ашигласнаар эдийн засгаа хэмнэж, агаарын бохирдлыг бага ч болов бууруулжээ.

 Ийнхүү шөнийн цагаар дулаан хуримтлуулж, өдрийн   цагаар халаах төхөөрөмжүүдийг иргэд нэвтрүүлж утаатай тэмцэхэд хувь нэмрээ оруулж эхэллээ. Чингэлтэй дүүргийн иргэн Б.Бадамынд гардуулсан “Stiebel Eltron” брэндийн  төхөөрөмж хичнээн  метр квадрат талбайг халаахаас  хамааран үнэ нь өөр өөр аж. Тухайлбал  50 метр квадратыг халаах халаагуур нь 1.8 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд 30-40 хувь хөнгөлөх, лизингээр олгох боломжтой хоёр жилийн нүүрсний үнээр төхөөрөмж худалдан авч, нийслэлийн утааг багасгахын зэрэгцээ цэвэр орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ гэдгийг Ультрасоник компанийнхан онцолсон.

Шөнийн тэглэсэн тарифыг ийнхүү үр дүнтэй ашиглах боломж гэр хорооллынхонд бий болж байна.

 Б.Заяа

 Гэрэл зургийн Н.Батбаяр

 

相关新闻