Жанет Жексон 50 насандаа үрийн зулай үнэрлэлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГВАШИНГТОН. /VOA/. Америкийн алдарт дуучин, жүжигчин Жанет Жексон 50 настайдаа анхны хүүхдээ төрүүллээ. Дуучин хүүтэй болсон байна.
Мягмар гарагт дуучны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Жанет болон түүний нөхөр болох Катарын бизнес эрхлэгч Виссам Аль-Мана нар бяцхан Эйсса Аль Мана-г хараад маш их баярлажээ.
Жанет ямар ч хүндрэлгүй, сайхан амаржсан гэж хэвлэлийн төлөөлөгч хэлээд “эх, хүү хоёрын бие сайн байгаа” гэв.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Жанет 'Unbreakable' аялан тоглолтоо хойшлуулах үед түүнийг хөл хүнд болсон тухай таамаг мэдээлэл гарч эхэлсэн юм. Тухайн үед тэрбээр хэлэхдээ “нөхөр бид хоёр гэр бүл төлөвлөлтөнд илүү анхаарна” гэж байсан билээ. Тэд 2012 онд гэрлэсэн юм.
Хожуу хүүхэд төрүүлж байсан олны танил хүмүүс цөөнгүй байдаг. Тухайлбал, Оскарын шагналт, Америкийн жүжигчин Холли Берри 47 настайдаа хоёр дахь хүүхдээ төрүүлж байсан бол жүжигчин Жон Траволтагийн эхнэр болох жүжигчин, загвар өмсөгч Келли Престон 48 насандаа гурав дахь хүүхдээ төрүүлжээ. Мөн Швейцарийн тэрбумтан Мария Луи-Дрейфус 2016 оны гуравдугаар сард 53 настайдаа хоёр ихэр охин төрүүлж байсан юм.
Гэхдээ Жанет Жексон болон дээрх ээжүүдийг дэлхийн хамгийн хөгшин шинэ ээжүүдтэй харьцуулахад бүгд залууд тооцогдоно.
Энэтхэгт л гэхэд поп дуучнаас бараг 20 насаар эгч байхдаа хүүхэд төрүүлсэн гурван тохиолдол бүртгэгдээд байна.
Г.Доржханд