В.Путин: АНУ хориг арга хэмжээ авсантай холбоотойгоор манай улс хариу арга хэмжээ авахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-31 08:44:48

МОСКВА. /TASS/. Ардчилсан намын компьютеруудыг хакердсан гэх үндэслэлээр АНУ Оросын эсрэг хориг арга хэмжээ авсантай холбогдуулан Москва хариу арга хэмжээ авахгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.

Пүрэв гарагт Обамагийн засаг захиргаа Оросын засгийн газрын 35 албаны хүнд АНУ-аас 72 цагийн дотор явахыг тушаасан юм. Цагаан ордны мэдэгдэлд “энэ оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг буснуилж, хөндлөнгөөс оролцохын тулд Ардчилсан намын компьютеруудыг хакердсаны хариуд ийм арга хэмжээ авч байна” гэсэн байсан билээ.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас баасан гарагт гаргасан мэдэгдэлд АНУ-ын хориг арга хэмжээг “Орос-АНУ-ын харилцааг хөндийрүүлэх гэсэн Обамагийн засаг захиргааны өдөөн хатгалга” гэж тодорхойлжээ. Мөн уг мэдэгдэлд “ОХУ хариу арга хэмжээ авах эрхээ ашиглахгүй” гэсэн байна.

АНУ Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авсны хариуд АНУ-ын дипломат ажилтнуудыг хөөн гаргахыг Оросын албаны хүмүүс санал болгосонтой холбогдуулан В.Путин хэлэхдээ “хориг арга хэмжээний хариуд Орос дахь АНУ-ын дипломатчдыг хөөн гаргахгүй” гээд “Обамагийн засаг захиргаа ийм маягаар “дуусч байгаад” харамсч байна” гэжээ.

Ирэх оны нэгдүгээр сарын 20-нд ерөнхийлөгчийн тангараг өргөх Дональд Трампын засаг захиргааны бодлогуудад тулгуурлан Орос-Америкийн харилцааг сэргээх арга хэмжээнүүдийг авна гэж В.Путин цохон тэмдэглэжээ.

Г.Доржханд

相关新闻