Филиппиний цагдаа нар 1 тн "мөс" хураан авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММАНИЛА. /Reuters/. Филиппиний цагдаа нар мансууруулах бодистой тэмцэх кампанит ажлын явцад 1 тн орчим метамфетамин буюу “мөс” гэдэг мансууруулах бодисыг хураан авчээ. Ийм хэмжээний мансууруулах бодис хар зах дээр 120 сая долларын үнэд хүрэх аж.
Тус улсын Хуульзүйн сайд Виталиан Агуирре мягмар гарагт мэдэгдэл хийхдээ “манай улсын түүхэнд ийм их хэмжээний мансууруулах бодис хураан авч байсан тохиолдол урьд өмнө нь гарч байгаагүй” гээд “10 хүнийг баривчлан саатуулаад байна” гэжээ.
Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте зургаан сарын өмнө тангараг өргөн ажилдаа орсноосоо хойш мансууруулах бодистой тэмцэхийн тулд “цуст дайн”-ыг эхлүүлж, мансууруулах бодис наймаалагчид болон хэрэглэгчдийг буудах зөвшөөрлийг цагдаа нарт олгосон юм.
Мансууруулах бодистой тэмцэх кампанит ажлыг эхлүүлснээс хойш мансууруулах бодис наймаалж, хэрэглэдэг 6000 гаруй хүнийг цагдаа нар шүүхийн шийдвэргүйгээр хөнөөсөн байна.
Г.Доржханд