Ливийн нисэх онгоцыг булаасан этгээдүүд бууж өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-24 13:15:00

ТРИПОЛИ. /Reuters/. Ливийн зорчигч тээврийн нисэх онгоцыг булаасан хоёр этгээд бууж өгчээ. Зорчигчид болон нисэх багийн гишүүд бүгд эсэн мэнд байна.

Ливийн иргэний агаарын тээврийн “Afriqiyah Airways” компанийн нисэх онгоц орон нутгийн цагаар баасан гарагийн өглөө нутгийн өмнөд хэсэгт орших Сабха хотоос нийслэл Триполи хотыг зорин хөөрсний дараахан хоёр этгээд онгоцыг эзлэн авч, Мальт улсын олон улсын нисэх онгоцны буудал руу чиглэлийг нь өөрчилжээ. Онгоцонд зорчигчид болон нисэх багийн гишүүд нийлсэн 117 хүн сууж явсан байна.

Мальтын засгийн газрын албаны хүмүүстэй хэлэлцээ хийсний дараа онгоц булаасан хоёр этгээд бүх зорчигч болон нисэх багийн гишүүдийг суллаж, бууж өгчээ.

Мальтын Ерөнхий сайд Жозеф Мускатын мэдэгдсэнээр, Ливийн иргэд болох уг хоёр этгээд гранат болон гар буугаар зэвсэглэсэн байжээ. Гэхдээ тэдгээр зэвсэг нь дуураймал  болохыг шүүхийн шинжилгээнийхэн дараа нь олж тогтоосон байна.

Энэ хоёр хүн бол 2011 онд төрийн эргэлтээр түлхэгдэн унасан Ливийн удирдагч агсан Муаммар Каддафи-г дэмжигчид бөгөөд түүний хүүг шоронгоос суллахыг шаардаж байжээ.

Тэд чухам ямар учраас онгоц булаах болсныг Мальтын холбогдох албаны хүмүүс олж тогтоохоор ажиллаж байна.

Г.Доржханд

相关新闻