Нийслэлийн оны шилдэг хүүхэд тодорно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛСурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан Нийслэлийн оны шилдэг хүүхдүүд өнөөдөр тодорно.
“Нийслэлийн шилдэг хүүхэд” нь сургууль хамт олныхоо дунд нэр хүндтэй, бусдад үлгэр дуурайл болохуйц авьяас билэг, авхаалж самбаа, хичээл зүтгэл, оюун ухаантай, нийгмийн амьдрал, хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд бусдыг манлайлан оролцож, улс, олон улсын уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн тэргүүний манлайлагч хүүхдүүд байх юм.
Нийслэлийн шилдэг хүүхдийг Манлайлайлагч, Оюунлаг, Бүтээлч, Тамирчин, Авьяаслаг гэсэн номинациар шалгаруулах юм. Энэ жилийн шалгаруулалтад 9 дүүргээс сургууль, дүүргийнхээ шилдэг 617 гаруй хүүхэд өрсөлдсөнөөс шилдэг 45 хүүхэд Нийслэлийн шилдэг хүүхдэд нэр дэвшээд байна. Үүнээс шилдгийн шилдэг 5 хүүхдийг тодруулах юм.
Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон албаны бусад хүмүүс, “Рио 2016" Зуны олимпийн наадмын хүрэл медальт, МУГТ, ОУХМ Д.Отгондалай, Төрийн соёрхолт Н.Нацагням, МУГЖ Б.Сарантуяа нар шилдэг хүүхдүүдэд шагнал гардуулна.
Ёслолын ажиллагааны үеэр Нийслэлийн шилдэг хүүхдэд нэр дэвшсэн 45 хүүхдийн амжилтыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн танилцуулах аж.
Ж.Болор