Дүрслэх урлагийн “Оны шилдэг бүтээл”-ийг дөрвөн төрлөөр шалгаруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГДүрслэх урлагийн салбарт хамгийн олон уран бүтээлчийг нэгтгэсэн Монголын Урчуудын Эвлэлийн хороо "Оны шилдэг бүтээл" тодруулах 95 бүтээлчийн 102 бүтээлээр үзэсгэлэн гаргалаа.
Зураач Б.Шатарсайхан "Говьд тарих миний цэцэг" бүтээлдээ цэцгэн хээн дотор эмэгтэйчүүдийг дүрсэлсэн бол Д.Батзоригийн "Next 9" гэх контемпорари бүтээлийн нэр, дүрслэл хоёр тун сонирхолтой таавар төрүүлж байлаа.
Монгол зургийн төрөлд залуу уран бүтээлч Б.Баярт-Одын график ажиллагаатай "Хатан", М.Уранбэрхийн "Бэр цаг", Уран зургийн төрөлд Б.Отгонтүвдэн "Тусгаар тогтнол" бүтээл, П.Энхтөр "Их хүрээний гудмаар" түүхэн сэдэвт зураг илгээжээ.
Контемпорари өнгө аястай бүтээлүүдээс Бат.Мөнхцэцэгийн "Цоожтой авдар" үзэгчдийн анхаарлыг ихэд татаж байв. Учир нь хээтэй цэнхэр энэ авдраас Алтайн магтаал зэрэг туульс сонсогдож байсан юм. Б.Чинзориг "Алгуурхан дэвшил" бүтээлдээ дүрслэлийн сонирхолтой хэл ашиглаж, тодорхой санаа өгүүлжээ.
Эдгээр бүтээлээс Оны шилдэг уран зураг, монгол зураг, баримал, чимэглэх урлагийн бүтээл гэсэн төрөлд тус бүр нэг бүтээл шалгаруулах юм. Шилдэг бүтээлийг энэ сарын 27-нд МУЭ-ийн шинэ жилийн баярын үеэр танилцуулах аж.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал