Л.Дашдорж: Улаанбаатараас орон нутаг руу шилжих иргэдийн тоо өссөн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-19 17:57:50

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулсан “Монгол Улс дахь төвлөрлийг сааруулах бодлого ба иргэний оролцоо” сэдэвт олон улсын бага хурал өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.

Манай улс 2013 онд Төсвийн тухай хуулиа шинэчилснээр орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон аймаг, сум, дүүрэг бүрт орон нутгийн хөгжлийн сантай байхаар хуульчилсан юм. Өнгөрсөн хугацаанд Орон нутгийн хөгжлийн санд нийтдээ 602 тэрбум төгрөг хуваарилжээ. Гэвч эдийн засаг, төсвийн нөхцөл байдлаас хамаарч бодит гүйцэтгэлээрээ 2015 оны байдлаар нийт 490 орчим тэрбум төгрөг хуваарилсан байна. 2016 онд 80 орчим тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Тус сангаас хэрэгжиж буй хөтөлбөрүүдийг авч үзвэл, нэгдүгээрт байгаль орчныг хамгаалах, сэргээх төсөл ихэнх хувийг эзэлдэг. Хоёрдугаарт  орон нутгийн тохижилтод анхаарсан төсөл хэрэгжжээ. Гуравдугаарт тухайн орон нутгийн дэд бүтцийг  өргөжүүлэх, инженерийн байгууламжийг сайжруулах, цэвэр бохир усны сүлжээнд холбох зэргээр  ажлууд хийгдсэн байдаг гэж Сангийн яамны Зарлагын хэлтсийн дарга О.Хуягцогт энэ үеэр ярьлаа.

Өөрөөр хэлбэл, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан /ОНХС/ нь төвлөрлийг сааруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн Ерөнхийлөгчийн санаачилгын хүрээний ажлын нэг юм. Энэхүү сангийн үр дүн Сүхбаатар аймагт хэрхэн нааштайгаар үр нөлөөгөө өгсөн болохыг Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь жишээлж ярьсан. Ганц жишээ дурдахад, аймгийн төвд дахин төлөвлөлт хийснээр залуу үеийнхэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх боломжийг бүрдүүлсэн олон улсын жишигт нийцсэн хөлбөмбөгийн талбайг байгуулжээ. Энэ мэт үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлснээр аймгаас дайжих иргэдийн тоо саарч, 1990 оныхтой харьцуулахад хүн ам 8000-аар нэмэгдэж, 61 мянга болжээ. Мал сүргийн тоо сүүлийн найман жилд гурав дахин өсч, 3.1 сая толгойд хүрсэн байна. Нэг хүнд ногдох хадгаламжаараа улсдаа тэргүүлэх болжээ. 1990 онд 60 сая төгрөгийн хуримтлалтай байсан Сүхбаатарчууд 2016 онд 40 гаруй тэрбум төгрөгийн хадгаламжтай болсон аж.

Ховд аймгийн Жаргалант сумын хувьд иргэд бусад орон нутгийнхантай адил гэрэл цахилгаан, авто зам, явган хүний зам, уст цэг, халуун ус, ногоон байгууламж, орон сууцны тохижилт зэрэгт хөрөнгө оруулах шаардлагатай хэмээн өнгөрсөн хугацаанд саналаа өгч ирсэн байна. 2013 онд 1.7 тэрбум, 2014 онд 1.3 тэрбум, 2015 онд 802 сая, 2016 онд 675 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан буюу мөнгөн дүнгийн хувьд буурч иржээ. Ганц тус аймгийн хувьд ОНХС-гийн төсөв буурсан юм биш, улс орны эдийн засгийн хүндрэлтэй холбоотой тус санд төсөвлөх хөрөнгө буурсаар байгаа аж. Гэвч үр дүнгийн хувьд аймаг, сум, дүүргийн аль алинд нь чамлахааргүй байгаа гэдгийг илтгэгчид өгүүлж байв. Ховд аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Д.Баасандоржийн илтгэлээс үзвэл, орон нутгийн хөгжлийн сан орон нутагт хэрэгжсэнээр иргэдийн оролцоо нэмэгдэн шинэ санал санаачилга гаргах нь олширч, өөрөө өөрсдөдөө ажлын байр бий болгон үр ашгийг нь хүртэх болжээ. Хурал цуглаан, олон нийтийн ажилд оролцох иргэдийн тоо өсч, бэлэнчлэх сэтгэлгээгээ халж төрд итгэх сэргэсний зэрэгцээ эрх зүйн мэдлэг нэмэгдсэн гэнэ.

Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж энэ үеэр, “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 оны сонгуулийн нэг амлалт нь төвлөрлийг сааруулж, орон нутагт санхүү төсвийн эрх мэдлийг шилжүүлэх, иргэдийн оролцоогоор дамжуулан төвлөрлийн бодлогыг хэрэгжүүлэх төрийн бодлогыг тодорхойлсон. Энэ дагуу Ерөнхийлөгчийн санаачилгаар Төсвийн тухай хуульд өөрчлөлт оржээ. Орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, нэгэн шинэ бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь Орон нутгийн хөгжлийн сан юм. Энэ санд НӨАТ, Ашигт малтмалын нөөцийн төлбөрийн тодорхой хувийг төвлөрүүлж, орон нутгийн хөгжлийн индекс, хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, татварын идэвх санаачилга зэрэг үзүүлэлтээр санхүүжилт олгодог. 

Багцаагаар 3000 хүн амтай дундаж сум жилдээ 400-500 сая төгрөг авч ирсэн. Бодлогын үр дүнд хөдөө орон нутаг, сум дүүргийн нүүр царай өөрчлөгдөж, хүн амьдрах бололцоо нь нэмэгджээ. 2006-2008 онд жилдээ 6000-9000 хүн Улаанбаатар хотод нүүдэллэж ирдэг байсан. 2014-2015 оны статистик мэдээллийг харахад Улаанбаатар хотыг чиглэсэн нүүдэл багассан. Харин Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжих хөдөлгөөнд орсон байна. 2014 онд хотоос орон нутаг руу шилжиж байгаа иргэдийн тоо 1000-д  хүрсэн” хэмээв.

Бага хуралд зарим аймаг, сум, дүүргийн төлөөлөл оролцон илтгэл хэлэлцүүлж, орон нутгийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажил, туршлагаасаа ийн хуваалцлаа. 

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻