Энэ онд үйлдвэрийн осол 14 бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо” 2016 оны ажлын тайлангаа хэлэлцлээ. Тус хорооны бүрэлдэхүүнд Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо багтдаг юм.
Үйлдвэрчний эвлэлийн холбоо өнгөрсөн 10 дугаар сард Мэргэжлийн хяналтын газартай хамтран “Хөдөлмөрийн харилцааны хууль, тогтоомжийн хэрэгжилтэд” үзлэг шалгалт хийжээ. Шалгалтад 83 байгууллагыг хамруулжээ. Энэ үеэр албан байгууллагууд хөдөлмөрийн гэрээнийхээ заалтад хувь хүний эрхэд халдсан, хууль тогтоомжид байхгүй нэр томъёо оруулсан, байнгын ажлын байран дээр хугацаатай гэрээ байгуулсан, ээлжийн амралтын цалинг олгохдоо дутуу бодсон зэрэг зөрчил илэрчээ. Эдгээрийг арилгах хугацаатай үүрэг өгсөн байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн Э.Нандинцэцэг мэдээлэл хийлээ. Тэрээр, “Энэ онд үйлдвэрийн 14 осол гарсан”-ыг онцолж байгууллага бүр MNS OSHAS18001:2012 стандартыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэлээ. Үйлдвэрийн осолд өртсөн 14 иргэний 11 нь хөдөлмөрийн чадвараа алдсан, 2 нь тахир, дутуу болсон нэг хүний амь эрсэдсэн байна. Иймд салбар хороо ирэх жил олон нийтэд хандсан сургалт, сурталчилгааг түлхүү явуулах хэрэгтэй гэсэн санал гаргалаа.
Б.Оюун-Эрдэнэ