Б.Нэргүй: Иргэдийн санал шийдвэр гаргах түвшинд хэрэгжсэн эсэхийг хянадаг хуультай болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-12-19 13:24:00

“Монгол Улс дахь төвлөрлийг сааруулах бодлого ба иргэний оролцоо” сэдэвт олон улсын бага хурлын нээлт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болж байна. Үүнтэй холбогдуулж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, "Иргэдийн оролцоо" төслийн захирал Б.Нэргүйгээс хурлын зорилго, үр дүнг тодрууллаа.

-Иргэдийн оролцоотой төвлөрлийг сааруулах чиглэлд манай улс ямар ажлыг хийж ирсэн бэ?

-Монгол Улс иргэний ардчилсан, хүмүүнлэг нийгэм байгуулахаад 25 жилийг үджээ. Энэ хугацаанд Монгол Улс төвлөрлийг сааруулахад болон төсвийн зарцуулалтад иргэд хэрхэн хяналттай ирсэн бэ гэдэг дээр бас ч үгүй туршлага хуримтлуулжээ. Тухайлбал, Бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн цагаасаа хойш буюу 2009 оноос Ерөнхийлөгч иргэнээ сонсох Иргэний танхим байгуулсан нь өнөөдөр бодит ажил болсон. 2013 оноос Төсвийн тухай хууль шинээр хэрэгжиж, Орон нутгийн хөгжлийн сангуудыг бий болгосон. Үүний дараа төсвийг ард иргэддээ мэдээлж байх ёстой гэх үүднээс Шилэн дансны хууль хэрэгжүүлсэн. Гэвч дээрх хуулиар иргэний оролцооны асуудал бүрэн дүүрэн зохицуулагдахгүй байна. Тиймээс нэгдсэн байдлаар асуудлыг тусгасан Иргэний улс төрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хуулийн төслийг боловсруулаад байна. Бага хурлаар бид өнгөрсөн хугацааны үр дүнг хэлэлцэхээс гадна хуулийн төслийг таниулах зорилгоор зохион байгуулж байна.

Түүнчлэн Монгол Улс 25 жилийн хугацаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор эрх зүйн орчинд тодорхой зохицуулалтаар хуульчилж өгсөн байдаг. Чухамдаа хэрхэн яаж иргэд оролцох вэ гэсэн процесс нь бүрхэг туссан. Тиймээс Иргэний улс төрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраас санал авахаар хуулийн төслөө хүргүүлсэн. Засгийн газрын санал ирэх хүртэлх хугацаанд бид өнгөрсөн хугацаанд юу хийв гэсэн асуудлаараа ярилцах, санал бодлоо солилцохоор өнөөдөр хуралдаж байна.

-Хуулийн төсөл УИХ-ын түвшинд батлагдвал өөр ямар давуу талууд бий болох вэ?

-Бүхий л түвшинд гарсан хуулийг хэрэгжүүлэхэд иргэд яаж оролцох вэ гэдгийг хуульчилж өгнө гэсэн үг. Хуулиндаа иргэд шийдвэр гарахаас өмнө хэрхэн яаж саналаа өгөх вэ, иргэдээс гарсан саналыг олон нийт дэмжсэн эсэхийг хэрхэн тооцож үзэх вэ зэрэг асуудлыг нарийвчлан тусгаж өгсөн. УИХ хуулийн гол агуулгыг өөрчлөхгүйгээр батлавал иргэний оролцоог зохицуулсан хуультай болох юм.

-Иргэний оролцоо гэдгийг хуулиндаа хэрхэн тодорхойлж оруулсан бэ?

-Иргэний оролцоо бол олон төрөл. Сонсох, саналаа хэлэх, хяналт тавих гэх мэт. Энэ бүрийг хуульчлах нь гол асуудал юм.

-Орон нутагт Иргэний танхимууд ажиллаад бас ч үгүй цаг хугацаа өнгөрсөн байна. Иргэдийн оролцоо хэр нэмэгдсэн бэ?

-Өнгөрсөн жилүүдэд иргэдийн оролцоо нэмэгдсэн. 2009 оны 12 дугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордонд Иргэний танхимыг нээн ажиллуулсан. Энэ үйл явцыг олон нийт Ерөнхийлөгч хийх гэж байгаа ажлаа сонгох гэж байна гэсэн ойлголттой хүлээж авсан байдаг. Харин өнөөдөр иргэдийн оролцоо нь соёл болон тогтож байна. Иргэний танхим гэдэг ойлголт манайд бүрэн тогтсон жаягтай болж байна. Одоо үүнийгээ хуульчлах хэрэгтэй. Иргэдийн саналыг тусгаж байна уу гэдгийг тооцоход бэрхшээлтэй. Тиймээс хуультай болж, иргэдийн гаргасан саналыг шийдвэр гаргах түвшинд хэрхэн тусгах талаар шийдэх хэрэгтэй. Иргэдийн мэдээлэл олж авах, хяналт тавих эрхийг хуулиар хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

-Хууль боловсруулах явцад гадны ижил төрлийн хууль тогтоомжуудыг судалсан байх. Гадны улс орнууд иргэний оролцооны асуудлаа хэрхэн хуульчилсан байдаг юм бол?

-Швейцарийн хөгжлийн агентлаг манай төслийг хамтран хэрэгжүүлж байгаа. Иймээс Швейцарийн холбооны улсууд, бусад манайтай ижил улс төрийн тогтолцоотой улс орнуудын хууль тогтоомжууд дээр иргэдийнхээ оролцоог хэрхэн хангадаг тухайд судалсан. Ингэхэд тус улсууд Иргэдийн санаачилгын бүлэгтэй байдаг юм байна. Тус санаачилгын бүлэг нь өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх болоод төр засгаас гарч буй хууль тогтоомжийн хэрэгжилт дээр судлаад саналаа хэлдэг. Үүнийх нь дагуу шат шатанд асуудлыг шийддэг. Манайх энэ жишгээр хуулийн төслийг боловсруулсан.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

相关新闻