Орхон аймаг нь ирээдүйд Монгол Улсын “Эдийн засгийн нийслэл болох ёстой”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-12-16 17:10:07
oyuka_hu@yahoo.com

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн /ТАЗ/ дарга Б.Цогоо, ТАЗ-ийн орон тооны гишүүн Б.Баатарзориг, С.Цэдэндамба, гишүүн Б.Нэргүй зэрэг 10 хүний бүрэлдэхүүнтэй баг “Төрийн үйлчилгээ-Ололт, туршлага” сэдэвт сургалт, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор өнөөдөр Орхон аймагт ирлээ.

Төрийн албаны зөвлөлийн дарга, тэргүүн зэргийн тэргүүн түшмэл, доктор Б.Цогоо сургалтын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Төрийн албаны  тухай хууль 1995 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 4 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Монгол Улсын Төрийн албаны зөвлөл “Төрийн албаны тухай хууль”-ийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангах, Төрийн албаны стандартыг амьдралд хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй ажилладаг. 48 салбар зөвлөлтэй. Үүний 13 нь Төрийн захиргааны төв байгуулагад 12 нь яамдад, 22 нь аймаг, нийслэлд байна. Үүний нэг нь Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл юм. Энэ салбар зөвлөл үйл ажиллагаагаараа сүүлийн гурван жилд  улсдаа эхний байруудад орж байсныг онцлон дурдъя” гэсэн юм. Монгол Улсад төрийн 185 мянган төрийн албан хаагч ажилладаг бөгөөд үүний 67.3 хувь нь эрэгтэй, 32.7 хувь нь эмэгтэйчүүд, нийт ажиллагсдын 44.6 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байна. Орхон аймагт төрийн 92 байгууллагад 4693 албан хаагч ажиллаж байна.

Мөн Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Б.Баатарзориг “Төрийн албаны шинэчлэлийн талаар” мэдээлэл хийлээ. Түүний мэдээлэлд дурдсанаар, “Орхон аймаг нь ирээдүйд Монгол Улсын “Эдийн засгийн нийслэл болох ёстой” гэсэн санааг дэвшүүлж агаарын бохирдлыг бууруулахад бодлого, шийдвэрээ чиглүүлж буй Орхон аймгийн  орон нутгийн  удирдлагуудад талархаж байна” гэлээ. Мөн “Төрийн алба алдаагүй бодлоготой байх ёстой”. Үүний хүрээнд “Аюулгүй бодлого”, “Чадварлаг ажилтан”, “Айдасгүй иргэд”, “Амьдралын баталгаа”–г хангах гэсэн зарчмыг баримтлах  нь чухал гэлээ. Төрийн алба нь улс төрөөс ангид, мэргэшсэн, чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлж байж иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, авлигагүй, хүртээмжтэй хүргэх боломжтой юм. Иймд төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтыг өрсөлдөөний журмаар явуулж шалгалт авахын зэрэгцээ томилогдсон албан тушаалтан иргэдэд хүртээмжтэй ажиллаж байгааг хянах нь чухал гэдгийг онцоллоо.

Сургалтын үеэр Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, “Үндэсний аюулгүй байдал, түүний асуудлууд” сэдвээр илтгэл тавилаа.  Төрийн албанд томилогдсон хүн бүр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах үүрэгтэйг онцоллоо. Иймд холбогдох хууль, дүрэм, журмыг судалж баримталж буй бодлого, гаргаж буй шийдвэр, захирамждаа хуулийн заалтаас иш татах, үндэслэл болгох ёстой гэлээ. Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлыг хангах нь иргэн бүрийн үүрэг гэдгийг ямагт санаж, хойч үедээ сурган хүмүүжүүлэх, ойлгуулах, төлөвшүүлэхэд хэвлэл, мэдээллийн үүрэг, оролцоо их гэдгийг онцолсон юм.

Б.Оюун-Эрдэнэ

 

相关新闻