Н.Номтойбаяр: Ахмадууд 60-65 насандаа тэтгэвэрт гарах асуудлыг судалж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс тэтгэвэрт гарах нас, ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх чигтэй байгааг тодруулахад тэтгэвэрт гарах нас, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хөндөхөд салбарын сайд Н.Номтойбаяр, "Өнөөдөр эмэгтэй 50-55, эрэгтэй 60 насанд хүрсэн бол тэтгэвэрт гардаг. Зарим ахмадуудын хувьд ажлаа үргэлжлүүлэн хийх сонирхолтой байдаг тул тэтгэвэрт гарах насыг 60-65 хооронд хэлбэлзэлтэйгээр буюу энэхүү хязгаар дотор дуртай насандаа тэтгэвэрт гардаг байх асуудлыг судалж байна" гэсэн тайлбарыг хийж байлаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахмадууд хоёр холбоонд харьяалагдаж байгааг хэрхэн зохицуулах гэж байна вэ гэсэн асуултыг тавьсан. Эл асуултад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, “Монголын ахмадын холбоо нь нийт ахмадуудыг төлөөлнө. Монголын чөлөөт холбооны удирдлагуудтай хуулийн боловсруулах явцад уулзаж, хоёр холбоог нэгдэж ажиллахыг хүссэн. Ингэхдээ улстөргүйгээр нэгдэж ажиллах зарчим баримтлах хэрэгтэй гэдгээ илэрхийлсэн” хэмээн хариулсан.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, “Ахмадууд тэтгэврээ 2-3 жилээр зээлээд авчихдаг. Хожим нь өдөр тутмын амьдралдаа хэрэглэх мөнгө болчихоод байна. Иймээс тэтгэврийн зээлийн олголтод хэмжээ тогтоох хэрэгтэй. Нийтийн тээврийн унааны хөнгөлөлтийг хөдөө орон нутгийн ахмадууд хэрэглэж чадахгүй байна. Мөн нийслэлд ирэээд эмнэлэгт үзүүлэхэд оочер дугаар нь хүчрэгдэхгүй байна. Хиймэл шүдний хөнгөлөлт 5 жил байгаа нь оновчгүй” гэсэн асуудлыг тодруулахад УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан өчигдөр хуралдаж, нийгмийн даатгалын сангийн мөнгийг арилжааны банкинд байршуулахдаа Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулна гэсэн шийдвэр гаргасан.
Одоогийн байдлаар тус сангийн 557 тэрбум төгрөг 9 хувийн хүүтэй хадгаламж хэлбэрээр банкинд байршиж байна. Мөн харилцах дээр байгаа 640 тэрбум төгрөгийг хадгаламж руу байршуулж, 15 хүүтэй байршуулах гэхчлэн шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулж тэтгэврийн зээлэнд 1-6 сарын хугацаа тогтоох, дараа 6 сард нь тэтгэвэр өгөхгүй байх эсвэл 50 хувьд нь зээл олгох, нэг дор зээлийн хүүг авдаг асуудал дээр уян хатан болгох зэрэг зохицуулалтыг хийхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ Засгийн газраас Боловсролын зээлийн санг байгуулсан. Ахмадууд хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрт зориулж 8 сард зээл ихээр авдаг юм билээ. Энэ асуудлыг шийдэхэд Боловсролын зээлийн сан ихээхэн нөлөө үзүүлэх юм. Хуулийн төсөлд орон нутгийн ахмадууд нийслэлд ирээд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих зохицуулалтыг тусгасан” гэв.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, "Тэтгэврийн зөрүүтэй ахмад улсын хэмжээнд хэд байна. Яаж зөрүүг нь арилгах гэж байна вэ. Ахмадуудтай уулзахад хөдөлмөрийн чадвартай гэдгээ удаа дараа илэрхийлдэг. Ажил эрхлэвэл хөдөлмөрийн хөлсийг яаж тооцох вэ. Ахмадууд эрүүл мэндийн үйлчилгээг хүсдэг. Группын мөнгийг нь багасгаж өгч байна гэх юм" гэхэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, "Байцаагч нар хуурамчаар бичиг баримт бүрдүүлж мөнгө зувчуулдаг, багаар тэтгэвэр тогтоон түүнээс нь мөнгө татсан байж болзошгүй. Тиймээс улсын хэмжээнд тэтгэврийг дахин тогтоолгох аяныг хууль хүчний байгууллагуудтай хамтарч явуулна. Ахмадуудын хөдөлмөр эрхлэх боломж нь эрүүл мэндтэй холбогдоод байдаг тал бий" гэсэн тайлбарыг хийв.
УИХ-ын гишүүн Х.Бадельхан, "Тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлөх боломж байна уу" гэсэн асуудлыг тодруулсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, "Зах зээлийн зарчмаараа иргэн, банк хоёр тохиролцоод зээл өгч авч байгаа. Төр засаг ийм шийдвэр гаргавал суурь зарчмаасаа ухарна. Ийм боломжгүй зүйлийг битгий ярьж бай гишүүд ээ. Дараа нь цалингийн зээлтэй, үүний дараа арилжааны зээлтэй ААН-үүд зээлээс чөлөөлөх давалгаа үүснэ шүү" гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан энэ хуулийн хэрэгжилтэд онцгойлон анхаарах хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, "Ахмадууд аялах сонирхолтой байдаг юм билээ. Ахмадын аялалд анхаарах хэрэгтэй" гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Салбарын сайд Н.Номтойбаяр, "Ахмадуудыг нийгмийн идэвхтэй байлгах хүрээнд аялал жуулчлалын байгууллагуудтай холбох бүрэн боломжтой. Энэ хуулинд ахмад настны хүндлэлийн асуудлыг тусгасан. Энэхүү зорилт нь НҮБ-ын болон олон улсын байгууллагуудаас гаргасан шийдвэртэй уялдаж байгаа юм. Намын түвшинд 1050 ахмадуудтай уулзалт хийхэд тэтгэврийн зөрүү гэхээсээ хүндлэлийн асуудлыг хөндөж илүүтэй байсан" хэмээв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, "Оршуулгын газар олдохгүй боллоо, худалдаж авч байна” гэсэн асуудал яригдаж байгааг шийдээрэй. Ахмадын орон сууцны асуудал дээр анхаараарай" гэсэн юм. УИХ-ын гишүүн М.Билэгт бие дааж амьдрах чадваргүй ахмадуудын асуудлыг тодруулсан. Н.Номтойбаяр сайд, "Улсын хэмжээнд бие даан амьдрах чадваргүй 7200 иргэн байна. Гэтэл 243 ортой 9 асрамжийн газар ажиллаж байна. Энэ асуудалд анхаарч байгаа" хэмээн хариуллаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ