260 хуульд нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, "Аливаа парламент ирэх дөрвөн жилд дэвшүүлж байгаа бодлого зорилтоо тодорхой болгож, үүнтэй холбогдуулж шаардлагатай хууль тогтоомжийг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулахаар үндсэн чиглэлийг батлуулдаг. 2000 оны парламентаас эхлээд дөрвөн жилд нэг удаа Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг баталсаар ирсэн. Тогтоолын төслийг боловсруулахдаа Хууль зүй, дотоод хэргийн яам төрийн байгууллага, яам тамгын газар нийт 43 байгууллагаас төсөлд тусгах санал авсан. Нийт 436 хуульд нэмэл, өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийх санал ирснээс бид судалж үзээд 260 болгосон. Шаардлагатай гэж үзвэл УИХ-ын гишүүд уг тогтоолын төсөлд багтсан хуулиудаас хасах эрх нь бий.
Мөн хууль эрх зүйн орчинг тогтвортой байлгах үүднээс Хууль тогтоомжийн тухай хуульд хууль санаачлах эрхийн босгыг өндөрсгөсөн. Түүнчлэн нийт 1400 гаруй тусгай зөвшөөрлийн тоог хязгаарлах гэж байна. Ингэснээр иргэн, аж ахуй нэгжид ирдэг төрийн дарамт багасна" гэсэн тайлбарыг хийж байв.
Үүний дараа үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй долоон саналаар санал хураалт явуулахад гишүүд дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ