Маш цөөхөн малчид хонь ямаагаа даатгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНМалын цэцэг өвчин гарсан сумдаас цөөн тооны малчид хонь ямаагаа даатгуулжээ.
Булган аймагт Бодь, Миг, Практикал даатгал үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар Бодь даатгалд Гурванбулаг сумын 64 өрх 19656 хонь, 4588 ямаагаа даатгуулжээ. Харин бусад даатгалд хонь ямаагаа даатгуулсан иргэд нэг ч байхгүй байна. Тэр бүү хэл Булган аймагт үйл ажиллагаа явуулж байгаа дээрх даатгалын газруудад Могод сумаас мөн л даатгуулсан өрх нэг ч байхгүй байна.
Хонь ямааны цэцэг өвчин гарч нийт 1500 орчим хонь ямааг устгалд оруулжээ. Булган аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, "Булган мээж", "Булган АЗЗА" ОНӨХХК- ууд, Тагнуулын газрын 100 гаруй хүн, 30 орчим машин техник хорио цээрийн бүсэд ажиллаж байгаа юм. Могод суманд хяналтын 8, Гурванбулаг суманд 9 пост ажиллаж байгаа бөгөөд нийт 26 өрхийн 6500 орчим хонь ямааг вакцинжууллаа. Хорио цээр хэдий хүртэл үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна.
П.Батням