УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийг Японы Засгийн газар, Эзэн хааны нэрэмжит одонгоор шагнав
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийг Япон Улсын Засгийн газар, Эзэн хааны нэрэмжит "Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн од" зэрэглэлийн одонгоор шагнав.
Тэрбээр УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн даргаар 10 жил, Японд сургууль төгсөгчдийн "JUGAMO" нийгэмлэгийн тэргүүнээр 12 жил тус тус ажиллаж, Монгол-Японы харилцааг улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг салбарт өндөр түвшинд хөгжихөд чухал үүргийг гүйцэтгэсэн хэмээн үнэлэгджээ.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягт дээрх шагнал хүртээсэнд баяр хүргэн, дурсгалын зүйл гардуулсан юм. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ "Д.Ганхуяг нь өнгөрсөн хугацаанд хоёр орны парламентын бүлгийн гишүүд "Сасагава" сангийн санхүүжилтээр парламентын бүлгийн гишүүдийн туршлага солилцох хөтөлбөр, Жижиг дунд үйлдвэрт зориулсан 2 шаттай зээл, олон улсын онгоцны буудал барих төсөл, хоёр орны хооронд энэ онд байгуулагдсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зэрэг олон чухал үйл ажиллагааг анхлан санаачилж дэмжлэг үзүүлсэн" хэмээн тодотгов.
Н.Туяа