С.Эрдэнэ: "Чингис" бондын өрийг 2018 оноос эхлэн төлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-12 14:01:48

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн болон АН-ын 6 дугаар Их хурлын үр дүнгийн талаарх мэдээллийг сонсчээ.

Бүлгийн дарга С.Эрдэнэ, дэд дарга Ж.Батзандан, хуулийн зөвлөх Д.Оросоо нар хуралдааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тус бүлгийн дарга С.Эрдэнэ, "Хөгжлийн банктай холбоотой асуудлаар Засгийн газраас гаргасан дүгнэлт нь нэгдүгээрт мэргэжлийн бус. Хоёрдугаарт өнөөдөр дүгнэлтэд дурдсан олон асуудал баримтаар нотлогдоогүй. Өнгөрсөн парламентын үед Д.Дэмбэрэл дарга ахалж байхад гарсан шийдвэр тогтоолууд, Сү.Батболдын үед гарч байсан Засгийн газрын тогтоол шийдвэрийг АН-ын үед гаргасан мэтээр мушгин гуйвуулсан байна. 2017 онд эргэн төлөгдөх 1,6 их наяд төгрөгийн зээлийн төлбөрийн 1,3 их наяд орчим нь Сү.Батболдын үед авсан евробондын зээл байгаа. Тиймээс хөндлөнгийн аудит, санхүүгийн байгууллагаар шалгалт оруулах нь зүйтэй” гэлээ.

АН-ын бүлгийн Хуулийн зөвлөх Д.Оросоо, “Засгийн газрын байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг албан ёсоор ирүүлээгүй байна. Бид удаа дараа шаардаж байгаа. Ажлын хэсэг ямар бүрэлдэхүүнтэйгээр, ямар шалгалт хийсэн бэ гэдэг албан ёсны шалгалтын тайлангаа ирүүл гэдэг албан бичгийг явуулсан. УИХ-ын гишүүд болон бүлэгт ирүүлсэн илтгэл, танилцуулгыг үндэслэж энэ байр суурийг илэрхийлж байна. Түүнчлэн тухайн үеийн УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байхад нөгөө талаас Хөгжлийн банкийг буруутгах хуульзүйн үндэслэл байхгүй гэж харж байна. Тэр үеийн УИХ, Засгийн газрын тогтоол хууль бус юм бол тухайн үеийн хүмүүстээ асуудлаа ярих ёстой.

Нэгдүгээрт, дээд шатны тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж байгаа байгууллагыг буруутгах үндэслэл байхгүй. Хоёрдугаарт, ажлын хэсэг дүгнэлт гаргахдаа өнөөдөр хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг үндэслэл болгож дүгнэлт гаргасан. Гуравдугаарт, Чингис бондын хөрөнгө Монголбанк, Сангийн яамнаас Хөгжлийн банкинд монгол төгрөгөөр шилжиж орж ирсэн. Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газрын алдаатай шийдвэрийг Хөгжлийн банкинд хариуцуулах гэж байна. Түүнчлэн Чингис бондын мөнгө 2017 оны төсөвт ачаа учруулж буй мэтээр буруу тайлбарыг хийж байгаа. Гэтэл 2017 оны гуравдугаар сараас эхлээд манай улс бондын өр төлж эхэлнэ. Энэ нь МАН-ын Засгийн газар буюу Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад авсан 580 сая долларын евробондын өр юм. Үүнд Чингис бондын мөнгө ямар ч хамаагүй. Чингис бондын өр 2018 оны зургадугаар сараас эхлэн төлөгдөнө. 

Чингис бондын мөнгийг Засгийн газрын тогтоол, УИХ-ын зөвшөөрөлгүйгээр зарцуулсан гэх тайлбарыг Хөгжлийн банкинд шалгалт явуулсан ажлын хэсэг тайлбарлаж байгаа. Тухайлбал, Яармаг дахь орон сууцны хорооллыг Засгийн газрын тогтоолгүйгээр гаргасан мэтээр тайлбарлаж байгаа. Гэвч УИХ-ын тогтоолоор уг ажлыг эхлүүлсэн. Асуудлыг ингэж мушгин гуйвуулж болохгүй. Мөн Хөгжлийн банкинд шалгалт явуулсан ажлын хэсэг мэргэжлийн агуулгаас илүү улстөрийн дүгнэлтүүдийг гаргаж байна. Энэ дүгнэлт дээр үндэслэн өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалт хийсэн 2000 гаруй аж, ахуй нэгжийг хуулийн байгууллагаар хэлмэгдүүлэн шалгах эх суурийг тавьж байна” гэв.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

 

相关新闻