МАН-ын Бага хурлын VII хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМАН-ын Бага хурлын VII хуралдаан өнөөдөр 10 цагт Тусгаар тогтнолын ордны Их танхимд эхэллээ.
МАН-ын дарга М.Энхболд хурлыг нээж хэлсэн үгэндээ энэ удаагийн Бага хурал УИХ болон орон нутгийн сонгуулийн дараа болж буйгаараа онцлог. УИХ-ын сонгуулиар парламентын нийт суудлын 85.5 хувь буюу 65 суудлыг, аймаг, нийслэлийн ИТХ-ын нийт бүрэлдэхүүний 70 хувь буюу 809 суудлын 566-г манай намын гишүүд аваад байгаа гэдгийг тодотгоод сонгуулиас хойшхи хугацаанд эдийн засгийн хүндрэлээс гарахад Засгийн газар, УИХ-ын түвшинд анхаарч ажиллаж байгаагаа хэллээ.
Уг илтгэлд дурдагдсанаар оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 1.4 хувь болж бууран, ажилгүйдлийн түвшинд 10.4 хувьд хүрч нэмэгджээ. Хүлээж буй гүйцэтгэлээр оны эцэс гэхэд төсвийн алдагдлын хэмжээ 4.3 их наяд төгрөг болохоор байгаа нь ДНБ-ий 18 хувьд хүрч, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарыг давахаар байгаа бөгөөд ирэх жилүүдэд Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлэхээр байна. Эдийн засгийн өсөлт 0.1-0.6 хувь болох, зарим тооцоогоор хасах руу ч орж мэдэх, эдийн засагт үнийн өсөлт биш дефляци бий болж байгааг судалгааны байгууллагууд анхааруулж байгаа аж.
Иймээс Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг УИХ-аас баталсан ба хөтөлбөрт тусгасан бодлого зорилтыг шат дараатай алхам алхамаар хэрэгжүүлж байна. Энэхүү хүндрэлээс гарахын тул хариуцлагатай, чанд сахилга баттай төсөв, санхүүгийн бодлого хэрэгжүүлж байж ард иргэдийн амьдрал, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хамгаалан дэмжиж, улсынхаа эдийн засгийг өөд нь татаж чадна.
Өнөөгийн түвшинд үндэсний хэмжээний хэмнэлтийн бодлогод шилжих цаг нь болсон. Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд ард олноо, байгууллага, аж ахуйн нэгж бүрийг уриалан дуудаж, үлгэр жишээ үзүүлэгч нь Засгийн газар, түүний харьяа яам, агентлаг байх ёстой. УИХ-ын Тамгын газар орон тоогоо 10 хувиар хэмнэж, зардлаа багасгасан жишгийг төр засгийн бүх байгууллагын түвшинд хэрэгжүүлэх хэрэгтэй. Орон тоо, зардлаа хэмнэх ажлыг дороос биш, дээрээс эхлэх учиртай. Өөрөөр хэлбэл, жирийн албан хаагчийн цалин, орон тоог танах биш, удирдлагын зардлаа эхлээд бууруул, дарга нарынхаа тоог цөөл, урсгал зардлаа боломжит түвшинд хүртэл хяна. Улс төрийн сонгуулийн үр дүнгээр хийж байгаа албан тушаалын томилгоог дуусгаж, төр засгийн байгууллагууд өмнөө тавьсан зорилтоо биелүүлэх, улс орны эдийн засаг, нийгмийн амьдралыг тогтворжуулахад ажилдаа ханцуй шамдан орох хэрэгтэй.
Тиймээс бүх шатны төрийн байгууллагууд төсвийн хэмнэлт, сахилга батыг сайжруулах чиглэлээр УИХ, Засгийн газраас гаргасан холбогдох тогтоол, шийдвэрийг биелүүлэх, хэрэгжилтийг чанд хангах зохистой, үр нөлөө бүхий тогтолцоог бий болгох цаг нь болжээ хэмээн МАН-ын дарга М.Энхболд илтгэлдээ онцоллоо.
Бага хурлын үйл ажиллагаа одоо хаалттай горимоор үргэлжилж байна. Тус хурал өнөөдөртөө багтаж өндөрлөнө.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал