Ирэх оны төсөв өнгөрсөн оноос 17 тэрбумаар буурав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЭнэ сарын 5-ны өдөр болсон Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн гуравдугаар хуралдаанаар аймгийн 2017 оны төсөв, төсвийн өнөөгийн байдал, төсөв бүрдүүлэлтийн талаар голлон хэлэлцсэн юм.
Тухайлбал аймаг орон нутгийн нийт орлого 12 тэрбум төгрөг, нийт орон нутгийн зарлага 20 тэрбум төгрөг, тусгай зориулалтын шилжүүлэг, байгууллагын зардал 41.5 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 35.9 тэрбум төгрөг нийт 65.1 тэрбум төгрөгийн төсөвтэй байхаар тооцож батлагдсан бөгөөд 2017 оны төсөв төлөвлөгөөнөөс 17 тэрбум төгрөгөөр буурсан гэдгийг Төв аймгийн СТСХ-ийн дарга Ю.Бямбацогт тайлбарлалаа.
Мөн аймгийн Засаг дарга Ж.Батжаргал ИТХ-ын гуравдугаар хуралдаанаар өнгөрсөн оны хүлээгдэж буй төсвийн гүйцэтгэл болох 12 тэрбум төгрөгийг ирэх онд 12 тэрбум төгрөг болгон бүрэн оруулж, төлөвлөгөөний биелэлт 102,8 буюу 35.3 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж ажиллахыг СТСХ-т даалгасан юм.
Түүнчлэн ирэх оны орон нутгийн төсвийн орлогыг төлөвлөхдөө тасарч болзошгүй орлогуудын ногдуулалт, хүлээгдэж буй гүйцэтгэл, төсвийн суурь орлогын төлөвлөгөөг харгалзан боловсруулсан байна. Мөн Төв аймгийн Аудитын газраас татвар ногдуулалтын байдалд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжид тусгагдсан зарим мэдээлэл аймаг сумын татварын нэр төрлүүдийн бааз суурьт үндэслэн, өмнөх онуудын гүйцэтгэл зэрэгт харьцуулан судалгаа хийж боловсруулсан гэдгээ албаныхан онцолж байсан юм.
Цаашид 2017 оны төсвийн хэрэгжилтийг ханган ажиллахад гүйцэтгэл хяналтын механизмыг оновчтой хэрэглэн, төсвийн сахилга хариуцлагын тогтолцоог боловсронгуй, шинэ түвшинд гарган ажиллах нь чухал болоод байгаа тухай Төв аймгийн СТСХ-ийн дарга Ю.Бямбацогт тодотгосон юм.
Т.Есүхэйтөмөр