Ирэх онд 29 мянган иргэн 32 мянган га газар өмчилнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-11 17:59:54
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн гуравдугаар хуралдаанаар аймгийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил тогтоох тухай асуудлаар хэлэлцсэн бөгөөд ирэх онд 29979 иргэнд 3292.2 га газар өмчлүүлэхээр төлөвлөжээ.

Тодруулбал одоо эзэмшиж байгаа газраа давуу эрхээр өмчлөх 860 иргэнд 107.7 га газрыг, сумын төв болон суурин газарт шинээр 26575 иргэнд 2950.3 га газрыг, улсын чанартай зам дагуу 2544 иргэнд 234.2 га газрыг тус тус өмчлүүлэхээр төлөвлөөд байгаа талаар Төв аймгийн ГХБХБГ, Газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Насанжаргал онцолсон юм.

Дашрамд дурдахад Төв аймагт 2003 оноос хойш иргэдэд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулсан бөгөөд 41771 иргэнд 8012.1 га газрыг өмчлүүлэх ёстойгоос өнөөдрийн байдлаар 33791 иргэнд 6430.6 га газрыг иргэдэд өмчлүүлсэн байна.  Газар өмчилж авсан иргэдийн дийлэнх хэсэг нь Төв аймгийн иргэд байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа. Мөн аймгийн хэмжээнд газар өмчлөлийн үйл явц 37.3 хувьтай хэрэгжсэн дүнтэй байна.

Монгол Улсын иргэн 2018 оны тавдугаар сар хүртэл газраа өмчилж авах боломжтой бөгөөд иргэн та энэ хугацаанд өөрийн нэр дээр газраа заавал өмчилж авахыг албаныхан зөвлөж байна. Учир нь газар өөрөө үнэт баялаг бөгөөд цаашид газар авахын тулд худалдаж авах болохыг мэргэжилтнүүд сануулсан юм.

Төв аймаг Т.Есүхэйтөмөр

相关新闻