"Монголын Ардчилсан Холбоо"  27 нас хүрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2016-12-10 15:02:46

"Монголын Ардчилсан Холбоо" байгуулагдсаны 27 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.

 Өнөөдөр Ардчиллын алтан хараацай, "Хонх" хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны дурсгалд зориулсан гэрэлт хөшөөнд нь хамтран зүтгэгчид нь цэцэг өргөлөө.

1989 оны 12 дугаар сарын 10-нд Монголын Ардчилсан Холбоо байгуулагдаж анхны цуглаанаа Хүүхэд Залуучуудын Соёлын Төвийн өмнө хийсэн түүхтэй.

Энэ үеэр  МоАХ-ны ерөнхий зохицуулагч С.Зориг ,“МоАХ-ны үйл хэрэг шударга ёсны төлөө учраас ялна гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр биш юмаа гэхэд маргааш ард түмэн биднийг дэмжинэ” хэмээн хэлж байв.

Анхдугаар их хурлаар МоАХ-ны удирдах дээд байгууллага болох Ерөнхий зохицуулах зөвлөлийг томилж дараах гишүүдийг сонгосон байна. ЕЗЗ-ийн  гишүүнээр Ц.Элбэгдорж, А.Мурат, И.Жавхлант, Э.Бат-Үүл, Г.Бошигт, Б.Жаргалсайхан, П.Нэргүй, Х.Цэгмид, Б.Энхтүвшин, Д.Энхбаатар, Болд, Д.Цолмон, Д.Дорлигжав, Д.Батзориг, Н.Гантөмөр, Д.Сүхбаатар, Д.Баасан, С.Амарсанаа,  Б.Галсандорж, Б.Билэгт, Ч.Машбат, Д.Сосорбарам, А.Батсүх, С.Зориг, Д.Хадбаатар, Ц.Энхтүвшин, Ц.Батцэнгэл, Л.Нямсүрэн, О.Очиржав, В.Энхболд, А.Төмөр-Очир, З.Эрдэнэбат нарын хүмүүсийг сонгосон байна.

Тус хурлаар МоАХ-г албан ёсоор хуульчлан баталгаажуулж, үндэсний хэмжээний улс төрийн хүчин болохыг тунхагласан аж. Анхдугаар их хурлын гол онцлох зүйл бол аялагч, жуулчин гэсэн нэрийн дор гадаадын 30 орчим сурвалжлагч сурвалжлан, их хурлын мэдээллийг дэлхий дахинд цацжээ. Тэд “Талын монгол ардчиллыг сонголоо, Монголчууд олон намын системтэй болов, Ардчиллыг дэмжигчид хэвлэлийн эрх чөлөөг тунхаглахыг уриаллаа” хэмээн дэлхий нийтэд мэдээлж байсан аж.

 Б.Заяа

相关新闻