Япон улсын Танохира компаний төлөөлөгчид Төв аймагт
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймагт Япон улсын Токио хотын Танохира компаний Ура Мориэ дарга тэргүүтэй бие төлөөлөгчдийг ЗДТГ-ын дарга хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл ирсэн зочдод хандан боловсролын салбарт түлхүү хамтран ажиллахыг хүсч байгаа бөгөөд аймаг орон нутгийн болон нийгэм, эдийн засгийн салбарт хамтран ажиллах тал дээр өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
Төлөөлөгчдийн зүгээс талархал дэвшүүлж хамтран ажиллахад бололцоотой бүхий л салбар дээр ажиллахаа илэрхийлэн, одоо суралцаж байгаа 12 хүүхэд сурагч солилцоогоор амжилттай сурч байгааг цохон тэмдэглээд цаашид үргэлжлүүлэн есөн хүүхэд дадлагажуулах саналтай байгаагаа хэлж байсан юм.
Түүнчлэн төлөөлөгчид аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Япон хэлний дугуйлангийн үйл ажиллагаатай танилцаж, хүүхэд багачуудтай уулзжээ.
Танохира компаний бие төлөөлөгчид өөрсдийнх нь хэлээр хэвлүүхэн ярьж байгаа дугуйлангийн хүүхдүүдийг хараад өөрийн эрхгүй дуу алдаж байлаа. Тэд “ажил хэрэгч, найрсаг ард иргэдтэй дахин уулзахдаа баяртай байх болно” гэдгээ хэлээд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чухал уулзалт болсонд сэтгэл дүүрэн байгаагаа дахин илэрхийлж байсан юм.
Т.Есүхэйтөмөр