Ховдын Мянгад суманд Нарны цахилгаан станц байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-09 10:02:26

Монгол Улсын  Эрчим Хүчний Яамнаас санаачлан Дэлхийн банкны хөрөнгө оруулалттайгаар 10 МВТ-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг Ховд аймгийн Мянгад суманд байгуулахаар  төлөвлөж байна.

Тус нарны цахилгаан станц баригдаж  ашиглалтад орсноор Монгол Улсад баригдсан 2 дахь нарны цахилгаан станц болох юм. Ажлын хэсгийнхэн энэ сарын 2-ны өдөр Мянгад суманд ажиллаж тус сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгуулан Нарны цахилгаан станц байгуулах талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Нарны цахилгаан станц барих төсөл дан ганц нарны эрчмээр ажиллах үүсгүүрүүд барьж байгуулахаас гадна Монгол орны нарны эрчим хүчний арвин их нөөцийг ашиглан халаалт, хэрэгцээний халуун ус, гудамж талбайн гэрэлтүүлэг зэргийг шийдэж, хот суурин газарт үүсээд байгаа агаарын бохирдлыг бууруулах, хэрэглэгчдийн дулааны эх үүсвэрийг эрүүл мэнд, экологид халгүйгээр шийдвэрлэх боломжтой гэдгийг хэлэлцүүлэг зохион байгуулагчид танилцуулж байлаа.  

Мөн Баруун бүсийн эрчим хүчний системийг найдвартай, импортын эрчим хүчний хэрэглээг багасгах ач холбогдолтой гэнэ.

Ховд аймгийн хувьд эрчим хүчнийхээ 80 гаруй хувийг ОХУ-аас импортлож авдаг. Тэгвэл нарны сэргээгдэх эрчим хүчийг ашиглавал  тус аймаг эрчим хүчний  50 хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болох юм.

А.Бямбасүрэн

相关新闻