Гадны сумдын малчид өвөлжиж байгаа учир өвсний нөөцийг сумандаа татна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-08 11:01:35

Ховд аймгийн Мөст сумын Засаг дарга Б.Сугарбаттай уулзаж, мал  өвөлжилтийн байдлыг тодрууллаа.

-Танай суманд мал өвөлжилтийн байдал хэр байна вэ?

-Мөст сумын хувьд өвөлжилтийн байдал хэвийн, өвөлжөөний бүсэд цас ороогүй байна. Хаваржааны бүсэд орсон хэдий ч тэнд одоогоор малчид буугаагүй байна. Өнгөрсөн зуны хувьд зуншлага сайхан болсон учраас өвөлжилт сайн байна. Гэхдээ бид урьдчилан сэргийлэх үүднээс өвс нөөцлөхөөр ярьж байна. Манай суманд Алтай сумаас 19 өрх 3350 бод, 24030 бог, Мөнххайрхан сумаас 4 өрхийн 320 бод, 3720 бог, Үенч сумаас 3 өрхийн 315 бод, 3300 бог, Манхан сумаас 1200 богтой нэг өрх одоогийн байдлаар нүүж ирсэн байна. Нийт 3985 бод, 32250 бог  манай сумын нутагт өвөлжихөөр ирсэн.

-Танай сумын нутаг руу өвөлжихөөр ирсэн гадны сумын малчдын асуудлыг яаж шийдэж байна?

-Бид энэ асуудлыг сумын удирдлагуудтай яриад магадгүй цаашдаа өвөлжилт хүндэрвэл дээрх сумдын өрхүүдийн өвсний нөөцийг манай сум руу татах зэрэг асуудлаар ярьж тохирсон. Манай сумын  Хужирт багийн малчид  Алтай сум руу ордог, Баянхайрхан багийнх  Үенч рүү, Давстынхан Мөнххайрхан, Манхан руу ордог учраас манай малчид хоорондоо зохицож  айлуудаа өвөлжүүлэх бодолтой байна. Гэхдээ хаваржааны бүс рүү мал оруулахгүй. Хаваржааны бүсэд Алтай сумын дөрвөн өрх нүүж ирснийг өвөлжөөний бүс рүү нэн даруй нүүлгэнэ. Өвөлжөөний бүсдээ малчид маань  хаяа багтахаараа айлсаж боломжоороо өвөлжих байх гэж найдаж байна.

-Бэлчээрийн даац хэтрэх асуудал гарахгүй юу?

-Бэлчээрийн даац хэтрэх асуудал гарах магадлал өндөр. Гэхдээ одоохондоо манай сумын нутагт  орж ирсэн айлуудтайгаа зохицоод өвөлжинө гэж малчид  ярьж байна. Хэрвээ цаг хүндрээд өвөлжөөний бүсэд цас орох юм бол бэлчээрийн даац хэтрэх эрсдэл бий. Нүүж орж ирсэн айлууд маань буцах боломжгүй учраас юу ч гэсэн эндээ зохицоод өвөлжинө.

А.Бямбасүрэн

 

相关新闻