Малчдад туслах халуун сэтгэлийн аянд нэгдэхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-12-07 16:24:57

Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар хамтран малчдад туслах аяныг энэ сарын 1-нээс 2017 оны 3-р сарын 1-ний өдөр хүртэл өрнүүлж эхэллээ.

Энэхүү аяныг хэрэгжүүлэхээр аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга нар хамтарсан гарын үсэг бүхий "Халуун сэтгэл-хамтын хүч" уриалгыг нийтэд түгээгээд байна. Эдийн засгийн үндсэн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсэж болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, байгаль, цаг уурын онцгой хүндрэл өвөлжилтийг хохирол багатай даван туулах зорилгоор энэхүү аяныг өрнүүлж байгаа юм.

Аяны хүрээнд малчдад дулаан хувцас, хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүн, малын эм тариа, түлээ, нүүрс, өвс, тэжээл, нэмнээ, элгэвч, малын хашаа хороог дулаалах материал зэргээр туслах халуун сэтгэлийн давалгааг өрнүүлэхийг уриалж байна. Сэлэнгэ аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа төр төсвийн байгууллага, хувийн хэвшил, ААН байгууллага, Төрийн бус болон, Олон улсын байгууллага, холбоодууд, ард иргэдийг аянд нэгдэхийг уриаллаа.

Ч.Отгонцэцэг

相关新闻