Энэ сард Сэлэнгэ аймгийн нийт нутгаар цас ихтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ12 сарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн бүх сумдын нутгаар цас олон жилийн дунджаас ахиу орж, агаарын температур дунджаас хүйтэн байхыг аймгийн УЦУБОШТ-өөс мэдээллээ.
Иймээс энэхүү хүйтрэл, цас ихээр орох нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байгаа аж. Цаашид хүйтний эрч чангарч, цас их хэмжээгээр орвол малын бэлчээрлэлт саатаж, өвөлжилт хүндэрхээр байна. Өвөлжилт хүндэрч болзошгүй сум, орон нутгийн өвс тэжээлийн хүрэлцээг сайтар тооцож, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг анхаарууллаа. Сэлэнгэ аймгийн нутгаар 12-р сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн, бусад сумдын нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг сулрах аж.
Харин хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байх нь. Бусад хугацаанд Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Түүнчлэн энэ сард бүх сумдын нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, цас орох төлөвтэй байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар, дунд үе болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сарын сүүлчээр ихэнх сумдын нутгаар цас орж цасан шуурга шуурч салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 12-14м/с, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр 15-17 м/с хүрч ширүүсэх юм байна.
Ч.Отгонцэцэг