Өвөрхангай аймаг 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн ИТХ-ын ээлжит 3 дугаар хуралдаан хуралдаж, 6 асуудлыг хэлэлцлээ.
Тухайлбал аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж, 87.7 хувьтай буюу хангалттай хэрэгжсэн хэмээн дүгнэсэн бөгөөд аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн тухай хэлэлцэж баталлаа.
Мөн аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, аймгийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний төслийн тухай, 2016 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2017 оны төсвийн төслийн тухай, Аймгийн ИТХ-аас бүрэн эрхийн хугацаанд баримтлах чиглэлийн төслийн тухай хэлэлцсэн юм.
Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, түүний Тамгын газраас аймаг, орон нутаг, иргэдийнхээ өмнө нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлыг олон нийтийн оролцоотойгоор тодорхойлон жил бүрийг зорилтот жил болгон зарлаж ажилладаг. Энэ хүрээнд ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, тэдний хуримтлуулсан мэдлэг, туршлага, ур чадварыг хүүхэд, залуучуудад өвлүүлэх, ахмадуудыг нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж нөхцөлийг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оныг “Ахмадаа дээдлэх жил” болгон баталлаа.
Зорилтот жилийн ажлын хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталж, удирдлага зохион байгуулалтаар ханган, хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг аймгийн ИТХ-д тайлагнахыг аймгийн Засаг даргад, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг боловсруулж сумын ИТХ-аар батлуулан хэрэгжүүлж ажиллахыг сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.
Б.Батчимэг