А.Баярцэцэгийг Диснейн кино шалгаруулалтад урьжээ
МОНГОЛЫН МЭДЭЭДэлхийн гоо сайхны олимп 66 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй мисс А.Баярцэцэгт Уолт Диснейн Сан Франциско дахь агентлагаас Мулан уран сайхны кинонд шалгуулах портфолиогоо явуулах санал иржээ.
Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ. Тэрбээр, “Ямар гайхалтай өдөр вэ? Сан Франциско дахь агентлагаас Диснейн шинээр хийж буй Мулан уран сайхны кинонд шалгуулахаар портфолиогоо явуул гэсэн захиа ирлээ. Таны анзаарснаар киноны эсрэг дүрийн эзэд Хүннүчүүд буюу Монголчууд байдаг. Ирэх жилд ямар гайхалтай зүйлс хүлээж байгааг хэн мэдэх билээ?” хэмээжээ. А.Баярцэцэг өмнө нь “Марко поло” цуврал кинонд туслах дүр бүтээсэн билээ.
Тэрбээр тэмцээний шалгаруултад маш амжилттай оролцож байгаа. Түүний эх орноо танилцуулсан бичлэг энэ жилийн тэмцээний шилдэг 10 танилцуулгыг тэргүүлж, шилдгээр шалгарсан. Түүний танилцуулгыг “Дэлхийн мисс” тэмцээний албан ёсны цахим хуудсанд “Бүх цаг үеийн миссийн тэмцээний түүхэн дэх хамгийн гоё зураглалтай, яг л кино шиг танилцуулга” хэмээн онцолсон байна.
Мөн тэрбээр “Miss World-2016” тэмцээний финалыг эхлүүлэх бүжгийн үзүүлбэрт эхний эгнээнд бүжиглэхээр болжээ. Эхний эгнээнд хамгийн сайн бүжиглэдэг 10 орны бүсгүйг сонгодог аж.
Түүнчлэн манай миссийн авьяасын үзүүлбэр шилдэг 21 үзүүлбэрийн нэгээр шалгарчээ. Тэрээр авьяасын үзүүлбэрт уран /каллиграф/ бичлэгийг илбийн үзүүлбэртэй хослуулан толилуулсан юм.
Ж.Болор