МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

Охидын эрхийг хамгаалж, оролцоог нэмэх чуулган болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-11 14:56:37

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” өнөөдөр тохиож байна.


НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оны арванхоёрдугаар сарын 19-ний хурлаар жил бүрийн энэ өдрийг “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тунхагласан байдаг. Энэ өдрийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.


Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан “Because I Am a Girl” өнөөдөр охидын боловсрол, эрх тэгш байдал, манлайллыг дэмжих дэлхий дахины “Because I Am a Girl” кампанит ажлын хүрээнд Монгол Улсад гурав дахь жилдээ охидын оролцооны чуулган зохион байгуулав. Чуулганд 1000 охин оролцож, дөрвөн үндсэн илтгэл тавьж, бодлого тодорхойлогч эмэгтэйчүүд болон оролцогч талуудын дунд “Охидын дуу хоолой бодлогод нөлөөлнө” нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.


Олон талын оролцоотой уг чуулганаар охидын эрхийг хамгаалах үр нөлөөтэй бодлого, шийдвэр гаргахад охидын оролцоог нэмэгдүүлэх зорилготой ажээ. “Because I Am a Girl” чуулган нь охидыг хамгаалахын зэрэгцээ манлайлагч, шийдэл бүтээгч хэмээн дэмжих, нийгмийн хандлагыг өөрчлөх, төрийн бодлогыг шинэчлэх алхам болно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. Уг чуулганыг охидын ирээдүйг хамтдаа шийдэх нийгмийн хөдөлгөөн болгон өрнүүлэхээ санаачлан, зохион байгуулагч “Монголын сайн дурынхны төв” төрийн бус байгууллагынхан хэллээ. Охидын чуулганыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар дэмжжээ.


Ташрамд, “Because I Am a Girl” нь 2007 оноос эхлүүлсэн кампанит ажил бөгөөд өнөөдөр дэлхийн 70 гаруй оронд боловсрол, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, охидын манлайллыг дэмжих олон талт үйл ажиллагаа явуулсаар байна.







相关新闻