Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоог шинэчлэх шаардлагатай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймагт 2016 оны жилийн эцсийн байдлаар нийт хүн амын 4,6 хувь буюу 2696 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн /ХБИ/ байна гэсэн судалгаа гарчээ. Үүнээс 171 нь хүүхэд байгаа юм. Гэтэл эдгээр иргэдийн дуу хоолой болж, эрх ашгийг нь хамгаалан ажиллах үүрэгтэй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны үйл ажиллагаанд эдгээр иргэд тийм ч сэтгэл хангалуун байдаггүй гэдгээ хэлж байгаа юм.
Сүхбаатар аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүлэгч Б.Батсайхан хэлэхдээ “Сүхбаатар аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо шинэчлэгдэх цаг нь болсон. Энэ шинэчлэлийн талаар сүүлийн арваад жил ярьж байгаа боловч гарсан өөрчлөлт алга. ХБИ-ийн холбоо ажлаа хийхгүй байгаа нь үнэн. Үүний цаана хэдэн иргэд л хохирч байна. ХБИ-ийн ихэнх нь төрөөс өгч байгаа халамжийн хэдэн төгрөгөөр амьдралаа залгуулдаг. Ажил хийдэг хүн эдний дунд байхгүй. Тиймээс бид ойрын хугацаанд холбоогоо шинэчилж, эдгээр иргэдийнхээ төлөө явах цаг нь болсон ”гэлээ.
2016 оны эхний 11 сарын байдлаар Нийгмийн халамжийн үйлчилгээний газраас 1660 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 1 тэрбум 389 сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмж олгосон байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд 57 иргэнд 65,8 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгожээ.
12 дугаар сарын 3 буюу Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан Сүхбаатар аймагт 1 сарын аян өрнөж байна.
Т. Одончимэг