Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хоёр дахь шатны төслийг 25 сая ам.доллараар санхүүжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын гишүүн С.Чинзориг Дэлхийн банкны ахлах эдийн засагч Марк Долфмэнийг хүлээж авч уулзан, тэтгэврийн шинэчлэл болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хоёр дахь шатны төслийн талаар санал солилцов.
Дэлхийн банкны ахлах эдийн засагч Марк Долфмэн нь Нийгмийн хамгааллын чиглэлээр манай улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг хариуцан 2008 оноос хойш хамтран ажиллаж байгаа юм. Тэрбээр уулзалтын үеэр "Монгол Улсын Засгийн газар Нийгмийн даатгалын тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулж ДНБ-ий 2.0 хувьд хүргэх зорилтоо биелүүлэхийн тулд тодорхой параметрүүдийг өөрчлөх ёстой хэмээн Дэлхийн банк үзэж байгаа. Үүний нэг нь тэтгэвэрт гарах насыг нэмэх юм" гэв.
Үүнд УИХ-ын гишүүн С.Чинзориг "Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийх шаардлага байгаа хэдий ч яг өнөөгийн нөхцөлд тэтгэвэрт гарах насыг нэмэх гэдгээс илүүтэй нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, Нийгмийн даатгалын сангийн менежментийг сайжруулахад анхаарах ёстой. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкуудад байршуулах, Засгийн газрын бонд худалдаж авах замаар арвижуулдаг нь учир дутагдалтай байгаа юм. Мөн байгалийн баялгийг иргэдэд тэгш хүртээх асуудлыг тэтгэврийн шинэчлэлтэй холбож өгөхөд ч анхаарах учиртай" гэж хариулсан юм.
Уулзалтын үеэр мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хоёр дахь шатны төслийн тухай ярилцав. Уг төслийг хэрэгжүүлэхэд зориулан Дэлхийн банк 25 сая ам.долларын санхүүжилт хийх аж. Энэ хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээг боловсронгуй болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг өргөжүүлж хүртээмж болон үр ашгийг нэмэгдүүлэх богино хугацааны сургалтуудыг явуулах, жижиг бизнесийг дэмжих зээл олгох зэрэг ажлыг шат дараатай хийхээс гадна хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоог сайжруулах зорилготой гэдгийг Марк Долфмэн танилцуулав.
Төслийг УИХ-ын гишүүн С.Чинзориг Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа Дэлхийн банкинд санал тавьсны дагуу хэрэгжихээр аж. Тэрбээр төслийн үр дүнг сайжруулахын тулд, ялангуяа залуусын хөдөлмөр эрхлэх санаачлагыг дэмжиж, тэдэнд ур чадвар олгохын хамт бизнесээ эхлэхэд туслах гарааны зээлээс гадна шаардлагатай тоног төхөөрөмжийг лизингээр олгох, ажлын байрны түрээс, бараа бүтээгдэхүүний борлуулалт дээр бодитой дэмжлэг үзүүлэх хэлбэрүүдийг оновчтой тогтоож, элдэв шат дамжлагыг багасгахад анхаарахыг хүслээ.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ