АН-ын бүлгээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-11-28 17:08:32

УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад шаардлага хүргүүллээ.

Шаардлагад, "Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ гэж заасан. Саяхан болж өнгөрсөн Орон нутгийн Сонгуулийн үр дүнгээр Сүхбаатар аймаг, Баянзүрх дүүрэг, нийт сумаас 104 суманд АН олонх болоод байна. Гэтэл одоогийн байдлаар дээрх 104 сумын 75 суманд Засаг даргыг томилоогүй байгаа нь сум орон нутаг удирдлагагүй эзгүйрч, өвөлжилт хүндэрч,ард иргэд, малчид, тариаланчдын өмнө тулгамдаж буй асуудлууд шийдлээ хүлээсээр байна.

Мөн МАН-ын Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн 11,000 гаруй төрийн албан хаагчдыг төрийн албанаас хууль бусаар халж, эдгээр төрийн албан хаагчдын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг өнөөдрийг хүртэл олгоогүй байна. Иймд дээрх асуудлыг анхааралдаа авч, орон нутгийн удирдлагыг яаралтай томилохыг шаардаж байна. Засаг дарга нарын томилгоог хийхгүй удсанаас болж орон нутагт хүндрэл бэрхшээл учирч, ард иргэдийн амь насанд хохирол учрах тохиолдолд бүх хариуцлагыг Засгийн газар хүлээх болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэжээ.

Б.Туул

相关新闻