УИХ-ын гишүүд Нийтийн сонсгол хэрхэн зохион байгуулахад суралцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Тамгын газар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран УИХ-ын гишүүдэд зориулсан “Нийтийн сонсгол хэрхэн зохион байгуулах вэ сэдэвт” семинарыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн Г.Занданшатарын санаачилгаар зохион байгуулсан уг семинарт УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Батзандан, Н.Амарзаяа, М.Билэгт, Д.Дамба-Очир нарын 17 гишүүн оролцов. Семинарыг Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн мэргэжилтэн Скот Немет удирдан явуулж, АНУ-ын Конгрессийн мэргэжилтнүүд болох Вашингтон ДиСи хот дахь “Лугар” төвийн улс төр, эдийн засгийн зөвлөх Пол Конг, АНУ-ын Конгрессийн гишүүн Стив Найтын ажлын албаны хуулийн зөвлөх Кортни Кум нар хууль тогтоох үйл явцад нийтийн сонсголын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол зэрэг өргөн хүрээтэй сэдвээр УИХ-ын гишүүдэд танилцуулга хийв.
АНУ-ын Конгресст Хууль тогтоох, Хяналтын, Асуудалд суурилсан, Мөрдөн шалгах, Батлах гэсэн таван төрлөөр нийтийн сонсгол зохион байгуулдаг бөгөөд тухайн сэдвээр бүх мэдээллийг цуглуулах зорилготой байдгийг Конгрессын мэргэжилтнүүд онцолсон.
Нийтийн сонсгол нь ирц, нээлтийн үг, гэрчүүдийг танилцуулах, гэрчийн аман мэдүүлэг, гэрчид асуулт тавих, хаалтын үг, сонсголын дараах гэсэн техникийн шинж чанартай удирдамжийг баримтлах ёстой бөгөөд үр дүнтэй зохион байгуулснаар олон нийтийн санал бодлыг тусгасан хариуцлагатай бодлого боловсруулах төдийгүй парламентын гишүүд сонгогчдынхоо бодит хэрэгцээ шаардлагыг мэдэрч, улмаар сонгогчидтойгоо харилцаагаа улам бэхжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хянах зэрэг боломжийг бий болгодог ач холбогдолтой юм байна.
Семинарын төгсгөлд УИХ-ын гишүүдийг оролцуулж Конгрессын мэргэжилтнүүд удирдан загвар сонсгол хийлээ.
Н.Туяа