Г.Уянгыг ТТЭНН-ын даргаас чөлөөлөөгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-22 14:29:05

Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын /ТТЭНН/ дарга Г.Уянгыг намын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар мэдээлэл гарсныг няцаалаа. 

УИХ-ын гишүүн асан Г.Уянгыг намын даргаас нь чөлөөлсөн талаар мэдээлэл өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн. Энэ талаар Г.Уянгаас тодруулахад "Ийм зүйл болоогүй. Ташаа мэдээлэл гарч байна. Улсын дээд шүүхэд хэсэг хүмүүс намын даргаар Ц.Баянбилэгийг бүртгүүлэх талаар өргөдөл өгсөн ч өчигдөр хуралдаж, бүртгэх боломжгүй гэж шийдвэрлэсэн" гэсэн юм. 

Улсын дээд шүүхээс авсан мэдээллээр ТТЭНН-ын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт болон намын шинэ даргыг бүртгүүлэх тухай өргөдлийг өчигдөр хянан хэлэлцээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. 

Тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон намын даргаас Г.Уянгыг чөлөөлж, Ц.Баянбилэгийг сонгосон талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж Дээд шүүх үзсэн аж. 

Н.Туяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

相关新闻