Л.Бямбатуяа: Д.Норсүрэн гуайн худгаас албан ёсоор дээж авч шинжлээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-22 13:27:44

Дорноговь аймгийн Сайншанд сумын IV баг Зүүнбаян тосгоны малчин Д.Норсүрэнгийн үхрээс саасан сүү нь цай сүлэхэд гашилдаг болсон гэх мэдээллийн дагуу тус аймгийн МХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёл, хүнс, хөдөө, аж ахуйн хяналтын хэлтсийн эрүүл ахуйн байцаагч Л.Бямбатуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Малчин Д.Норсүрэн гуайнх үхрийнхээ саасан сүүгээр цай чанахад гашлаад байна гэх мэдээлэл  сонслоо.Танайд албан ёсны мэдээлэл ирсэн үү?

-Энэ асуудлаар малчин Д.Норсүрэн гуай албан ёсоор манай байгууллагад хандаагүй. Харин өнгөрөгч намар Зүүнбаян багийн Засаг даргаас нэр бүхий  малчдын хүсэлтээр худгийн усыг шинжлүүлж өгөөч гэсэн хүсэлт ирсэн хэдий ч төд удалгүй шинжлүүлэх шаардлагагүй боллоо гэсэн хариуг бидэнд өгсөн. Бид энэ асуудлыг лавлаж асуухад тэр үеэр нэлээд их хэмжээний бороо ороход усны хаялгаар худаг руу нь шавар орсон гэсэн.

-Д.Норсүрэн гуайн уст цэгт хаанаас, ямар байгууллага шинжилгээ хийсэн юм бол?

- Одоогоор энэ талаар бидэнд ирсэн мэдээлэл алга.

-Танай байгууллагаас  иргэдийн ундны усанд хамгийн сүүлд хэзээ шинжилгээ хийсэн бэ?

-УИХ-аас монгол орны бүх аймгийн тодорхой уст цэгээс дээж авч шинжилгээ хийх шийдвэр гарсан юм билээ. Үүний дагуу манайхаас энэ оны эхээр төв суурин газрын 41 худагт шинжилгээ хийсэн. Шинжилгээг өөрийн лабораторид 11 үзүүлэлтээр, Геологийн төв лабароторид 4 үзүүлэлтээр шинжлүүлж шинжилгээний дүнг  нэгтгэн зохих байгууллагуудад нь хүргүүлээд байгаа.     

-Шинжилгээний дүн хэрхэн гарсан бол?

-Стандартад заасны дагуу 70-аад үзүүлэлтийг шинжлэн судлах ёстой. Манай байгууллага  лабораторийнхаа хүчин чадлын хүрээнд химийн 18 үзүүлэлтийг шинжилдэг. Хүний хүчин зүйлээс гадна байгалийн өөрийн зүй тогтлын хүрээнд бохирдол илрэх тохиолдол бий. Жишээ нь говийн нөхцөлд фторын агууламж өндөр гардаг. Одоогийн байдлаар гадны хүчин зүйлсийн нөлөөгөөр уст цэгүүдэд хүний эрүүл мэндэд хор хохирол учруулах сөрөг нөлөөлөл, бохирдол  илэрсэн зүйл байхгүй.

Х.Эрдэнэбулган

相关新闻